Нийслэлийн хүүхдүүдийн 70 гаруй хувь л цэцэрлэгт хамрагдана

Намар ц1агийн том ажил болсон хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн бүртгэл удахгүй эхлэх гэж байна. Энэ сарын 22-26-нд хүүхдүүдийг бүртгэж авах юм. Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулахдаа иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр бүртгэнэ гэж байгаа ч чухам ямар арга замаар хүүхдүүдийг элсүүлэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Улсын хэмжээнд одоо ажиллаж буй болон ашиглалтад шинээр орох, өргөтгөн засварласан цэцэрлэгийн хүртээмжээ тооцвол орон нутагт нийт хүүхдийн 84.6, нийслэлд 70 гаруй хувийг л хамруулах боломжтой аж.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 105 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээр байгаа бол цаана нь 40 мянга гаруй хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэхээр байна.

Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 3990 хүүхэд хүлээн авах чадалтай 31 цэцэрлэгийн барилгын ажлыг ирэх сарын 1-нээс өмнө дуусгаж, ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт нэг бүлгийн өрөө нэмж, одоогийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Түүнчлэн хувийн хэвшлийн компани болон аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгосноор өнгөрсөн жилийнхээс 6000 хүүхэд нэмж цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ.

2012 онд цэцэрлэгт 65 мянган хүүхэд хамрагддаг байсан бол төрөлт нэмэгдсэнээр өнгөрсөн онд 90 мянга болон нэмэгджээ. 2012 онтой харьцуулахад хүүхдүүдийн дахин 40 хувиийг нь цэцэрлэгт хамруулсан ч тухайн нутаг дэвсгэрийн хамран сургах тойрогт зохих тооноос хоёр дахин давсан их хүүхэд байгаа тохиолдолд цэцэрлэгийн хүртээмж дутагдахаас өөр аргагүй болж байгаа юм.  Тийм ч учраас хүрэлцээ тааруу дүүрэгт цэцэрлэгийн бүртгэлийг  цахимаар хийхээр шийдээд бэлтгэл ажлаа хийж эхэлсэн гэж  нийслэлийн Боловсролын газраас өнгөрсөн хавар мэдээлсэн ч одоогоор бүртгэлийг онлайнаар явуулах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Ямартай ч, цэцэрлэгийн бүртгэлийн бэлтгэл ажил болох хүүхдүүдийн шээсний шинжилгээг харьяа өрхийн эмнэлэг дээр авах боломжтой болсон бол цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эмнэлэгт хийх ажээ.