Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 цагийн өмнө

М.Энхболд: 2000 оноос хойш богино хугацаанд шинэ Засгийн газрыг байгууллаа

Сэтгүүлч: Уранбайгаль baigali202

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул албан тушаалаас нь чөлөөллөө.

Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсон юм. Ингээд анхдугаар чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга сонгогдож, байнгын хороодыг байгуулж удирдлагыг сонголоо. Хуульд заасан хугацаанд Засгийн газрын тэргүүн болоод гишүүдийг томиллоо. УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент нь 2000 оноос хойш хамгийн богино хугацаанд хуралдаж шинэ Засгийн газрыг байгуулсан байна. Засгийн газар шуурхай ажиллаж, мөрийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай. Түүнчлэн ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, яаралтай УИХ-д тайлагнах ёстой. 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөл, эдийн засгийг хөгжүүлэх тогтоолын төсөл зэрэг хуулийг хэлэлцэн батлах ээлжит бус хуралдуулна. УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлж байна” гэлээ.