УДБЭТ-ын 54 дэх үзвэрийн нээлт “Хөхөө намжил” дуурь

Сэтгүүлч: М.Ариунцэцэг Newscom_mn

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 54 дэх улирлын тоглолтоо маргааш 17:00 цагаас Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дууриар нээх гэж байна. УДБЭТ-ын хамт олон 2017 онд “сонгодог урлагаар дамжуулан хүүхдийн боловсрол, ирээдүйн хөгжлийг төлөвшүүлэх, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие бялдарын зохих чадвартай, гоо зүйн мэдлэг, хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх” зорилгын хүрээнд сар бүрийн хүүхдийн тусгай тоглолтыг тоглохоор төлөвлөсний дагуу энэ удаагийн тоглолтыг “Сонгодог урлаг хүүхдийн боловсролд” уриан дор ЕБС-ын сурагчдын амралтанд зориулан тайзнаа амилуулах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн болон хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид, Бадамлянхуа асрамжийн төв болон Нийслэлийн засаг даргийн дэргэдэх хүүхэд хөгжлийн төвийн хүүхдүүд тус тус хамрагдах аж.

“Хөхөө намжил” Монголын үндэсний түүхэн дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж тайзнаа тавьж байсан түүхтэй. Энэхүү дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг, гайхалтай болохыг магтан дуулдаг. Тус дуурийн хөгжмийг Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичжээ.

Таван үзэгдэлт тус дуурийн удирдагчаар УГЗ Ц.Мөнхболд, Ерөнхий найруулагчаар АЖ А.Дашпэлжээ, Ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, Ерөнхий хормейстераар СТА Н.Дашбямба ажиллажээ. Хөхөө намжилийн дүрд М.Даваадорж, Уянгын дүрд Б.Энхнаран, Галдангийн дүрд СТА А.Сайнбаяр, Түшмэлийн дүрд СТА Э.Бумхүү, Хувилгааны дүрд С.Бат-Эрдэнэ, Алтайн дагинын дүрд Ж.Энхмаа, Дуганч ламын дүрд СТА Г.Шижирболд, Их хатны дүрд Э.Адьяасүрэн нар тус, тус тогложээ. Найрал дуучид, симфони найрал хөгжим хөгжимдөх юм байна.