Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 цагийн өмнө

Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийг 100 хувь хөнгөлнө

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөхөөр шийджээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ сарын 2-ны өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны мөрдөхөөр тусгажээ. Түүнчлэн хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад мөн хугацаанд цалинтай чөлөө олгох журам хэрэгжиж байгаа билээ.