Х.Бат-Ялалт: Л.Эрдэнэчимэг надад баярлалаа гэж хэлэх ёстой

Сэтгүүлч: Г.Ганчимэг Newscom

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.

-Та маш их жагсаал цуглаан хийж, хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Харин энэ тэмцлийнхээ санхүүжилтийг хаанаас яаж босгодог вэ?

-Өөрийнхөө эрхийг хамгаалуулж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авсан хүмүүс чинь мөнгө гаргана шүү дээ. Дээрээс нь би өөрөө үгээгүй гуйлгачин байгаагүй. Хадмынхаа сургуулийг заруулж, тэцэлдээ оруулчихсан. Ер нь 400 орчим сая төгрөгийн зардал гаргажээ. Миний тэмцлийг дэмждэг хүмүүс санхүүгээр дэмжихээс гадна эрхээ хамгаалуулсан иргэд хэвлэлийн хурлын зардлыг даадаг.

-Та сэтгүүлчдийн дунд “Х.Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ” хөрөг нийтлэлийн уралдаан зарласан. Гэтэл үүнтэй зэрэгцээд нөгөө Х.Бат-Ялалт чинь ээжүүдийг хөлсөлчихөж, хаанаас мөнгө олчихов оо” гээд л эхэлсэн?

-Би Сонгинохайрхан дүүргийн эмч нарыг өмгөөлж шүүх хуралд орсон юм. Дарга нь солигдонгуутаа олон жил ажилласан дадлага туршлагатай эмч нараа учир утгагүй шалтгаанаар хомроглон халчихсан байсан. Тэгээд тэр нь Хөдөлмөрийн гэрээний хууль тогтоомжийг зөрчсөн байсан учраас их олон хүн буцаад ажилдаа орсон юм. Тэр хүмүүс маань сэхээтнүүд, оюунлаг учраас миний зохион байгуулдаг “Засаглал хуваах тэгш хэмийн онол”, “Хүний эрх” сургалтыг маань яаж олон хүн хүргэх үү гээд манай ТББ-ын 6000 гаруй гишүүд дэмжигчдийн идэвхтэй төлөөлөл цуглаж ярилцаад “Ерөөсөө энэ бүтээлийг нийтлэл, видео контент болгох уралдаан зохион байгуулъя” гэж шийдсэн. Энэ нь надад ч гэсэн таалагдсан. Үнэхээр миний хүсдэг зүйл бол өөрийнхөө бүтээлийг яаж олонд хүргэх вэ л гэдэг байхгүй юу. Ер нь миний санхүүг үзэж болно. Ямар байдалтай яаж амьдардаг юм бэ гэдгийг ирээд үз л дээ. Үнэндээ өдөр хоногоо өнгөрөөгөөд явж байна. Миний зарчим ерөөсөө л шударга амьдрах юм.

-Гэтэл таны энэ зарчим Л.Эрдэнэчимэгийн асуудлаас болоод уначихсан юм биш үү. Зөөлрүүлж хэлбэл, танаас болоод Л.Эрдэнэчимэг ч, та өөрөө ч УИХ-д сонгогдож чадаагүй гэж үздэг хүмүүс бий?  

-Үгүй ээ, Л.Эрдэнэчимэг УИХ-ын сонгуульд өвдөг шороодсондоо өөртөө л гомдох хэрэгтэй. Харин ч надад “Баярлалаа” гэж хэлэх ёстой. Ёс зүйтэй хүн бол “Би буруу юм хийж явсан байна шүү”, “Буруу улстөрч байжээ” гэдгээ ойлгоод намайг ухааруулж өгсөн байхад баярлах ёстой болов уу. Гэтэл надад өсөрхөж байгаа бол тэр тэнэг хүн. Харин талархаж байгаа бол тэр хүн жинхэнэ хүн. Миний хувьд хийсэн тэр зүйлдээ харамсдаггүй. Би ийм төрийн албан хаагчдын эсрэг 10 жил тэмцэж, 20 жил судаллаа шүү дээ. Тэгээд ч үг, үйлдэл хоёр нь зөрдөг хүнийг бид шударга бус хүн гэдэг биз дээ. Гэтэл Л.Эрдэнэчимэг Архи, тамхины хууль санаачилж, сургууль, албан газрын ойролцоо архи ууж, тамхи татахыг хориглосон атлаа өөрөө хууль баталдаг, ариун дагшин газар буюу Төрийн ордныг бузарлаад самуурч байх нь зөв юм уу. Ийм бичлэг хүрээд ирэхээр нь би яах ёстой байсан юм бэ. Ийм шившгийн нөхөд төрийн эрх мэдэлд сууж байна шүү гэдгийг л би олон нийтэд мэдээлсэн. Одоо хүртэл зарим хүн “Энэ 50 сая төгрөгөөс болж чи УИХ-д сонгогдоогүй” гэдэг. Харин би үүний эсрэг бодолтой байдаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдод л үзүүлсэн.  Гэтэл төд удалгүй Л.Эрдэнэчимэг утастаад л “Хэд юм бэ” гэхээр нь би “Харин хэд байдаг юм” гэж асуусан. Гэтэл “Дансаа өгчих” гээд л 50 сая төгрөг хийчихсэн. Тэгэхээр нь би хэвлэлийн хурал зарлаж мэдээллээд буцаагаад мөнгийг нь Л.Эрдэнэчимэгийн дансанд хийсэн. Хэрэв заръя гэсэн бол ийм бичлэг тэрбум ч хүрж магадгүй юм билээ. Миний эцсийн зорилго бол мөнгө олох биш иймэрхүү новшнуудыг Төрийн ордноос зайлуулахын төлөө 10 жилийн турш өдөр шөнөгүй тэмцлээ шүү дээ.