Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 7 хоногийн өмнө

Д.Болдбаатар: Хэл сурах авьяас гэж байхгүй, монголоор ярьдаг хүн бүхэн чадна

Сэтгүүлч: Б.Сэвжидмаа Newscom_mn

Олноо хятад хэлний хэмээн хүндлэгдсэн нэрт орчуулагч, “Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш, доктор профессор Д.Болдбаатар бол өдгөө бараг тасраад буй Монголын уламжлалт сургалтын арга барилаар олон мянган хүүхэд залуусыг эрдэм номын мөрд хөтөлж яваа нэгэн. Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан “Гэгээ” коллежийн оюутан сурагчдадаа өөрийн өдий хүртэл сурч мэдсэн эрдэм оюуны охь дээжээс сэтгэл гарган зориулахын зэрэгцээ гадаад хэл сурах гэж хичээж чармайж яваа хүүхэд залууст цаг завынхаа хэрээр яриа лекц хийж, үр дүнтэй, зөв суралцах арга барилын талаар сэтгэл харамгүй хэлж зөвлөдөг юм. “Чонон сүлд”, “Гурван улсын үлгэр”, “Мянган нарны цацраг”, “Цаасан шувуу наадуулагч” гээд 30 гаруй ном зохиол, “Чингис хаан”, “Хуанжу Гэг”, “Хубилай” зэрэг  1400 анги киноны дуун хөрвүүлэх их ажлын хажуугаар хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их ажилд өөрийгөө зориулж яваа Д.Болдбаатар багшийн “Гадаад хэлийг төгс сурахуйн нууц” лекцийн онцлох хэсгүүдийг эшлэл болгон уншигч танд хүргэж байна. Гадаад хэлийг эх хэл шигээ сурахыг хүсч тэмүүлж яваа хүүхэд залууст, ер оройгүй эрдэмд шамдаж яваа хэн бүхэнд Д.Болдбаатар багшийн сэтгэлээ түвшитгэх монгол сургалтын  арга барил ач тусаа өгч, оюун санаанд зөв чиг мөр болно хэмээн найдаж байна.

Боловсролын тухайд

-Эрдэм сурахад зөв хандлага маш чухал. Манай  сургалтын арга барилаар бол зөв суухаас бүх зүйл эхэлнэ. Сүүлийн үед компьютер их тоглодог хүүхдүүд зөв сууж ч чадахгүй байна шүү дээ.Хүний эрдэм гэдэг англи, хятад хэлээр ярихаас илүү өөрийгөө зөв сайхан илэрхийлэх чадвараас эхэлнэ. Гэтэл манай боловсролын тогтолцоо нэрээ ч бүтэн хэлж танилцуулах чадваргүй хүмүүсийг бэлдэж байна. Мянган сайхан ном уншлаа ч түүнийгээ ярьж, илэрхийлж чадахгүй бол эрдэм сурсан гэж хэлэхэд хэцүү.

-Би хэл заадаггүй. Сэтгэлтэй ажилладаг. Сэтгэл хувирах тусам шавь нарын маань сурах эрдэм нэмэгдэнэ. Сэтгэл тогтох юм бол сарны гэрэл тусахтай адил сурч байгаа эрдэмт тархинд зөнгөөрөө орж ирдэг.

-Боловсрол бол амьдрах ухаан, амьдралд хөлөө олоод явах ухаан юм.

-Өнөөдөр манайд зургаан настай хүүхэд хэлд ороогүй ирж байна. Эцэг эхчүүд өөрсдийн амрыг бодож хүүхдээ саатуулах гэхдээ гар утсаа өгсөөр байгаад хэл яриа нь хөгжих насандаа бусадтай харилцахгүй байсаар хэлд орохгүй байна.

-Манай эцэг эхчүүд хүүхдүүдээ хэт олон зүйлээр тархийг нь ачаалладаг. Одоо манайд сурч байгаа хүүхдүүд гараад соробан сампингийн дугуйлан, төгөлдөр хуурын хичээл, бүжиг,  теннис гээд л төрөл бүрийн зүйлд явж байна. Энэ их ачаалал хүүхдүүдийг ядраадаг. Үүн дээр гар утас гэж айхтар эд гараад ирлээ.  Хэрвээ хүүхдэд хэрэгтэй хэрэггүй мэдээлэл өгвөл хайрцаглагдана. Дарамтад орно. Японд байгаа хоёр шавиа хэдхэн минутын дотор уншуулж сургаж байгаа маань тэр хүүхдүүдийн толгой хоосон, юм хүлээн авах чадвартай байгаатай холбоотой.  Япон хүүхдүүд сургууль дээрээ цэцэрлэгт явж байгаа мэт тоглож байгаад л ном сурч байна.

Гадаад хэл сурах тухайд

-Хэлээр хол явъя гэж бодож байгаа бол монгол хэлээ маш сайн сурах хэрэгтэй. Эх хэл, гадаад хэл бол шувууны хоёр далавчтай ижил.  Нэг далавч нь гэмтсэн бол өрөөсөн далавчаар нисч чадахгүйтэй адил эх хэлээ бүрэн төгс мэдэж байж, өөр хэлийг эзэмшинэ.

-Хэл сурах авьяасгүй хүн гэж байхгүй. Монголоор ярьж байгаа хүн бүхэн гадаад хэл сурах чадвартай.  Гагцхүү ямар хүн сурч чаддаггүй вэ гэвэл хичээлээ тасалдаг, хоцордог хүн. Эрдэм сурахын тулд тасралтгүй хичээх хэрэгтэй.

-Манай монгол гэрийн сургалтын аргаар үнэхээр сод мэдлэгтэй хүмүүсийг бэлддэг байжээ. Таван хэл сургадаг байж. Одоо ч тийм боломж бий.

/Г.Болдбаатар багш хэл сурах гэж буй хүмүүст хэрэгтэй нэгэн жишээ ярьсныг энд сийрүүлье. “Амартүвшин гэж нэг залуу надаас англи хэл сурах хялбар арга хэлж өгөөч гэсэн юм. Би түүнд 50 цуврал гарсан нэг номыг хэлж өгөөд түүнийг л шат дараалаад уншаад бай гэж хэлсэн. Дэлхийн сонгодог зохиолыг  300  үгэнд багтаасан тэр номыг эхлээд уншчих. Эхний тав нь 300 үгтэй, дараагийн тав нь 500, 800, 2200, 2800 гэх мэтээр үг нь нэмэгдээд явдаг. Хэрвээ тэр 50 номыг уншвал чи Монголд байхгүй англи хэлтэй болно гэж хэлээд л орхисон. Харин уншихдаа чанга дуугаар уншаарай. Мэдэхгүй үг гарвал цаасан толь л ашиглаарай. Гэхдээ тольдохдоо битгий цээжлээрэй гэж хэлсэн. Цээжилнэ , хуулна гэдэг чинь тархинд их дарамт болдог. Тэгсэн хоёр сарын дараа тэр залуугаас анхны романаа уншлаа, танд баярлалаа гэж захиа надад ирсэн. Түүнээс хойш жилийн дараа уулзахад Амартүвшин 26 роман уншчихсан байсан”/

– Хүн өдөрт 300 үг цээжлэх боломжтой гэдэг. Гэхдээ гадаад хэлийг сурахдаа өдөрт хэдэн үг цээжиллээ гэх мэт тоонд битгий ач холбогдол үг. Битгий түүнд түүрт. Хүн сэтгэлээс ханд. Гадаад хэлээр унших тусам хэрэгтэй үгс чинь гарч ирнэ. Аяндаа тэр үгийг тогтооно. Манай сургалтын арга барил ийм маягаар явдаг.

-Үг цээжлэхгүй байх нь оюуны ачааллыг хөнгөлж байгаа хэрэг юм.

-Би өөрөө Хятад хэл сурахад эвээ олохгүй байсан үе бий. Тэр үед нэг танил ах маань намайг хятадаар нэг л ном уншчих гэж хэлсэн. Ингэж явсаар таван роман уншсан байхад хол явна шүү гэж хэлсэн. Тэгж би хятад хэлээр ном уншиж эхэлсэн.

-Намайг дөнгөж хятад хэл рүү орж байхад Жадамбаа гэж сайн орчуулагч байлаа. Тэр хүн Хятадын уран зохиолын оргил гэгддэг “Улаан асрын зүүд”-ийг 28 удаа уншсан гэж ярьдаг байлаа. 12 мянган үсэгтэй хятад хэлний толийг жил болгон уншдаг гэж ярьдаг байсан. Би тэр толийг орчуулж гаргасныг та бүхэн мэдэх байх.

-Би “Улаан асрын зүүд”-ийг тийм ч олон удаа уншаагүй. Харин “Гурван улсын үлгэр”-ийг 21 наснаасаа хойш жил болгон гурван удаа уншиж байна. Хятад хэлийг гайгүй суръя гэж бодож байвал “Гурван улсын үлгэр”-ийг унших хэрэгтэй.

– Гадаад хэлийг төгс сурна гэж байхгүй боловч түүний төлөө хүсч тэмүүлж байж ихийг сурна.  Ертөнцөд төгс юм гэж байхгүй. Гэхдээ хүний хүсэл мөрөөдөл тэр төгс зүйлийн төлөө зорьж тэмүүлж байх ёстой юм. Хятадын нэг алдартай шүлэг бий. Насаараа Лушань ууланд бясалгал хийсэн лам уулынхаа хэлбэрийг мэддэггүй гэж.  Үүний цаад санаа бол хүн өөрийнхөө түвшнийг мэддэггүй гэсэн санаа юм.

-Манай “Гэгээ” коллежийн арга хүүхдүүдэд гэрийн даалгавар өгдөггүй. Үг цээжлүүлдэггүй. Гэхдээ хоёр сарын дотор роман уншдаг болно. Энэ бол нэг чигтэй сургалтын л үр дүн. Тиймээс гадаад хэл, ер нь эрдэм суръя гэвэл сэтгэлээ хувиргаарай. Зөв хандлагатай болоорой.

Сурах арга барил, төвлөрөх чадварын тухайд

-Би гар утас барьдаггүй. Ажилдаа төвлөрч, үр бүтээлтэй байхад энэ нь давуу тал болдог байж мэднэ. Одоо оюутнууд маань гар утсаар толь их ашиглаж байна. Гэтэл хоёр үг хараад явж байтал хэн нэгнээс мессэж ирэх жишээтэй. Ингээд анхаарал сарнина. 30 минут, гурван цаг ажлаасаа хөндийрнө.

-Өглөө бүр цонхоороо  нарыг  харж бай. Гэрэл гэгээтэй сайхан зүйл бодож өглөөг эхлүүлж бай. Одоо бол ихэнх нь өглөө босоод л Facebook-ээ нээж байгаа байх. Хүмүүс надаас та яаж энэ бүх зүйлийг амжуулдаг вэ гэж асуудаг. Би их ажилтай үедээ үүрийн дөрвөн цагт босдог. 4-өөс 8 цаг хүртэл суухад нэлээн зүйл амжуулна. Ажилдаа төвлөрсөн үед цаг их хурдан өнгөрдөг. Миний ажлын хэвшлийн харвал ер нь их чөлөөтэй байдаг. Хүн харахад тоглоод, шавь нартайгаа яриад, тэднийгээ явуулж байх жишээтэй.

– Амралт гэдэг миний хувьд хөдөө гараад, хоол идээд суухыг хэлдэггүй. Ажлаа сэлгэх нь надад амралт болдог. Номын их ажлын дараа шавь нартаа хичээл заагаад эхлэх нь амралт шиг санагддаг. Бичиг номын ажил бол дотогшоо бясалгасан ажил. Харин хичээл заана гэдэг гадагшаа хүнтэй харилцдаг ажил. Ажил сольж хийх нь цаг наргүй ажилтай миний хувьд амралт болдог.

Өөрийгөө олох, сэтгэлээ тогтоох тухайд

-Хүмүүс надаас таны амьдралын утга учир, зорилго юу вэ гэж асуудаг. Би их олон юм бодож, зорьж төлөвлөөд байдаггүй. Ерөөсөө тухайн өдөртөө чадах зүйлээ л дүүрэн сайхан гүйцээхийг боддог. Хийж чадахгүй хэт олон зүйлийг бодож шаналахаас л зовлон үүсдэг. Тийм болохоор одоогоороо байя, өнөөдрөө байя гэж хичээдэг. Энэ цаг мөчөө л дүүрэн сайхан өнгөрөөе. Энэ цаг мөчдөө л өөрийн хийж чадах бүхнийг хийж, баяр баясгаланг мэдрэх нь аз жаргал гэж би боддог.

-Өдгөө мэдээлэл технологийн хөгжлөө дагаад хязгааргүй орон зайгаас хязгааргүй их мэдээлэл авах боломжтой болжээ. Гэвч тэр хязгааргүй мэдээлэл дундаас хэрэгтэйгээ сугалж авах нь чухал.  Хүн хэрэгтэй зүйлээ л сурах ёстой. Хязгааргүй мэдээлэл дундаас хэрэгтэйгээ олж авна гэдэг маш чухал чадвар болжээ.

-Би аливаа хурим найр дээр очоод залуус, шавь нартаа нэг л зүйлийг хэлдэг. Битгий эвдрээрэй гэж. Одоо та нар минь юу ч бичээгүй цагаан цаас шиг цэвэр ариун, гэгээнээрээ байна. 40, 50 хүрсэн хойноо ч энэ хиргүй тунгалаг сэтгэлээ хадгалж чадна гэдэг бол маш том босго давж буй хэрэг юм шүү. Амьдралыг харахад нэг бодлын их том уралдаан. Нэг бодлын их эвдрэл байдаг юм байна. Эд хөрөнгө харж нэг эвдэрнэ. Ашиг мөнгө харж нэг эвдэрнэ. Хүнийг эвдлэх энэ олон шалтгааны эсрэг өөрийг эвдэхгүй үлдэнэ гэдэг маш том түвшинд хүрсний шинж юм.

-Би 40 шахаж байж өөрийгөө олсон.  37-ны маань жил байсан учраас сайн санадаг юм. Би Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй хүмүүстэй гадагшаа явж, таван одтой зочид буудалд бууж, тайз шиг том орон дээр хэвтээд, хүний эдэлж хэрэглэж болох тансаг бүхнийг хэрэглэлээ. Гэвч яагаад ч юм сэтгэл нэг л бүрхэг. Тэгж гуниглаж суухдаа би зочид буудалд байсан Библийг олж харсан юм. Хажуу тийшээ хартал “Бурхан багшийн гэгээн сургааль” бас байна. Нээгээд үзтэл эхний хуудсан дээр  нь сэтгэлээ тань гэж байв. Сэтгэл зөв байвал чи бурхан ч болж чадна. Сэтгэл буруу байвал буг чөтгөр ч болж чадна гэж тэнд бичсэн байв. Энэ бол яг л мухардалд орчихоод байсан надад хайж явсан зүйлээ олсон мэт санагдаж, түүнээс хойш сэтгэл, явдал мөрөө хичээх болсон доо.

-Ном уншиж чадахгүй байна гэдэг сэтгэл тогтоогүйн шинж. Сэтгэл тогтвол эрдэм номыг ойлгохгүйн зовлон гэж үгүй. Сэтгэл тогтоогүй учраас л уншаад ч ойлгохгүй, сурахгүй байгаа юм.

-Өөрийгөө олно гэдэг бол сэтгэлийн мөн чанарыг олох юм. Дөрлүүлсэн бух шиг бодолдоо хөтлөгдөхгүй, бодлоо хөтөлж, эзэн нь болж явах нь өөрийгөө олсны шинж.

-Ер нь элдэв бодол гэдэг бол усан дээр зурсан зурагтай адил гэдэг. Хэрэв түүнийг тогтоохгүй урсгачихвал алга болчихно.

-Сэтгэлийн мөн чанарт дөрвөн саад бий гэдэг. Түүний хамгийн эхнийх нь элдэв бодол. Түүнээс яаж салах вэ гэвэл дэгтэй байх хэрэгтэй. Бид дэгтэй байж чаддаггүйгээс элдэв үймэрсэн бодол орж ирдэг. Гар утас, Facebook гээд өнөөдөр бидний дэгийг алдагдуулж буй зүйл их байна. Тэгэхээр энэ дэгийг алдагдуулж буй шалтгаанаас холдвол цөөхөн, цэгцтэй бодол тархинд үлдэнэ.

-Сэтгэлийн мөн чанарт саад болдог өөр нэг зүйл бол атгаг бодол. “Би багш шиг болчих юмсан”, “Хэзээ түүн шиг гадаадаар ярьдаг болно доо” гэх мэтийн атгаг бодлоор өөрийгөө хүлчихдэг. Энэ бүгдээс ангижирвал хүн бүгдийг сурах боломжтой. Миний Японд байгаа хоёр шавь хурдан сураад байгаа гол шалтгаан бол ийм саад байхгүйтэй л холбоотой. Ертөнцийн энэ хүлээснээс ангижирч, хэрэггүй хоосон зүйлээр тархиа дүүргэлгүй, хэрэгтэй зүйлээ сурахад чармайх хэрэгтэй.