Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

Дэлхийн II дайныг анх мэдээлсэн сэтгүүлч эмэгтэй

Сэтгүүлч: М.Ариунцэцэг Newscom_mn

Дэлхийн хоёрдугаар дайн эхлэж буйг анх мэдэгдсэн Британийн алдарт сэтгүүлч Клэйр Холлинворт 105 насандаа таалал төгсчээ. Тэрээр Нацистын Герман Польш рүү дайрсаныг хамгийн анх сурвалжлан хүргэж байсан нэгэн гэдгээрээ алдартай. Холлинворт 1911 онд Английн Лестерт мэндэлсэн юм.

Тэрээр 1939 онд “Daily Telegraph” сонинд ажилд ороод долоо хоног ч болоогүй байхдаа Европт болж буй хямралын талаар сурвалжлахаар Польш руу томилогдон явж байтал Польшийн хил дээр олон тооны Нацистын цэрэг байхыг олж харсан гэдэг. Тэгээд тэрээр “Daily Telegraph”-т “Польшийн хил дээр 1000 танк байна. 10 дивиз давшилтанд ороход бэлэн зогсож байна” гэсэн гарчигтай мэдээг оруулж байсан аж. Тус мэдээ гарсанаас хойш гурван өдрийн дараа Герман Польш руу дайрсанаар дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнийг мөн Клэйр Холлинворт хамгийн анх мэдээллэн дэлхий нийтэд хүргэж байсан түүхтэй.

Тэрээр сэтгүүлч болохоосоо өмнө хүмүүст Британийн виз авахад нь тусалж олон мянган хүнийг Гитлерийн хүчнийхэнээс аварч байсан удаатай. Холлингворт амиа эрсдэлд оруулан байж, дайн дайжинтай аюултай бүсүүдэд сурвалжлага хийдэг нэгэн байсан юм. Түүнийг 1946 онд Иерусалимын “King David” зочид буудалд байхад нь бөмбөг дэлбэрч, 100 орчим хүн нас барж, өөрөө дэлбэрэлт болсон газраас ердөө 300 метрийн зайд шидэгдэн амьд гарч байсан гэдэг.

 Клэйр Холлинворт 1932 онд 

Клэйр Холлинворт 1970-аад онд Бээжинд ажиллаж байгаад, Хонконгруу шилжин ажиллаж, тэндээ өдийг хүртэл амьдарсан байна. Түүний гавъяа, зүтгэлийг үнэлэн Жэймс Камероны шагнал, Хатан хааны одонгоор шагнаж байсан юм. Тэрээр нас дээр гарсан ч Хонгконг дахь Гадаад Сэтгүүлчдийн клубийн идэвхтэй гишүүн байсан аж.

Эх сурвалж: BBC