Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 цагийн өмнө

“Улаанбаатар үхмэл хот болсон учраас хөрөнгө оруулаад нэмэргүй” гэнэ

Сэтгүүлч: Г.Ганчимэг Newscom

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй Иргэний танхимд уулзалт хийлээ. Агуулгын өнгөн тал нь өчигдөр өргөтгөсөн хуралдаанаараа шийдсэн ҮАБЗ-ийн зөвлөмжийг олон нийтэд танилцуулах. Харин жинхэнэ мөн чанартаа бол Ерөнхийлөгч улс төрийн ганцаарчилсан тоглолт хийх нь л чухал байлаа. Түүний амнаас “Эхийнхээ хэвлийд байгаа хүүхэд амьгүй болохыг гамшиг гэхгүй юм бол юуг гамшиг гэх юм бэ, үүнийг л аюул гэхгүй юм бол юуг аюул гэх юм бэ” , “Өнөөдөр бүхэл бүтэн утааны үеийнхэн бий болчихлоо” гэх мэт жинхэнэ популист өнгө аястай үгс ажигч үгүй урсав. Яагаад ингэж хэлэх болов гэвэл бид эрхэм Ерөнхийлөгчөө утаатай тэмцээд бүр олон улсын шагнал авахад нь хүртэл тоолгүй, зарим нь мэдэлгүй өнгөрөөчихсөн бололтой. Үүнд жаахан гомдолтой байсан юм уу даа гэмээр

Иргэд бас хариуцлагагүй байсан гэнэ. Тиймээс одоо утааны голомт болсон Улаанбаатараас нүүлгэн шилжүүлэхээр шийджээ. Нүүхгүй үлдсэн хүмүүсээс хотын татвар нэрээр утааны торгууль ногдуулах санаагаа ч цухуйлгав. Түүнийхээр бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр 30 мянган байр зарагдахгүй байхад гэр хорооллын иргэд тийшээ нүүж орохгүй гэртээ гал түлээд нийслэлийн агаарыг бохирдуулаад байгаа юм байх. Тэгээд бас болоогүй Улаанбаатар одоо ямар ч үр ашиггүй хот болсон. Ямар ч хөрөнгө оруулалт хийгээд нэмэргүй гээд зарлан тунхаглачихав. Бүхэл бүтэн 90 минутын турш ард түмнээ “хоточ нохой”-той нь далд битүү утгаар баалж байснаа хамгийн аймшигтай эшлэлийг сүүл хавиар нь хэлж орхилоо.  Энэ “Үхмэл хотод одоо юу ч хэрэггүй. Тийм учраас хөрөнгө оруулагчид ийшээ мөнгө оруулаад нэмэргүй” гэнэ дээ.

Харин хэн ийм болгочихов хэмээн асууж шүүх эрх ард түмэнд бас бий шүү, ардчилсан Ерөнхийлөгч өө. Аан нээрээ тийм, та одоо “Ардчилсан Ерөнхийлөгч байхаа больсон” гэсэн байх аа. Ерөнхийлөгч болоод гэр бүл, тэдний үр хүүхдүүд амьд явах эрхээ эдэлж, эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд.