Б.Обамагийн үдэлтийн үгээс онцлох 17 эшлэл

Сэтгүүлч: Б.Сэвжидмаа Newscom_mn

Найман жилийн өмнө улсынхаа түүхэнд шинэ хуудас нээж, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Барак Обама ард түмэндээ хандаж үдэлтийн үгээ хэллээ. 10 хоногийн дараа Д.Трампт Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэн өгч, Цагаан ордныг орхих тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг найман жил удирдах хугацаанд оносон алдсан бүхнээ дүгнэж, “төрөлх” хот ч гэж хэлж болох Чикагодоо (Б.Обама Хавай мужид төрсөн боловч ажил амьдрал нь Чикаго хоттой салшгүй холбоотой юм.орч) сүүлчийн удаа олон нийтийн уулзалтаа зохион байгуулсан юм.

Өнгөрсөн жилүүдийн алдаа оноог дэнсэлж, АНУ-ын үндэс суурь болсон ардчилал, эрх, эрх чөлөө, тэгш шударга нийгмийн тухай, энэ бүх үед түшиг тулгуур болж байсан хайртай бүхнийхээ тухай ярихдаа үе үе хоолой нь зангирч, нулимс унагаж байсан Б.Обамагийн үдэлтийн үгнээс онцлох эшлэлүүдийг уншигчдадаа хүргэж байна.

-Хэрэв найман жилийн өмнө би Америк эдийн засгийн хямралаас гарна гэж, авто үйлдвэрлэлийн салбарыг сэргээнэ гэж, эсвэл Кубын ард түмэнд түүхийн шинэ хуудас нээнэ гэж, Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсооно гэж амласан бол, эсвэл есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагчийг олно гэж, гэрлэлтийг эрх тэгш болгоно гэж, эсвэл 20 сая иргэнээ эрүүл мэндийн даатгалд хамруулна гэж хэлсэн бол та бүгд намайг хэтэрхий өндөрт харж байна гэж хэлэх байсан биз ээ. Гэхдээ бид чадсан. Та бүгд үүнийг хийсэн. Та нар тэр өөрчлөлт нь байсан юм шүү.

-Америкчууд та бүхнээс би өдөр бүр суралцдаг байсан. Та нар л намайг илүү сайн Ерөнхийлөгч, илүү сайн хүн болгосон юм шүү.

-Бидний урагшлах зам дардан байсангүй. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг хүнд бэрх ажил. Заримдаа цус урсгах нь ч бий. Хоёр алхам урагшлахад нэг алхам ухарч байгаа мэт санагдах үе ч байдаг. Гэвч Америкийг хэзээд урагшлах хөдөлгөөн тодорхойлсоор ирсэн.

-Бид дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг, хамгийн хүндлэл хүлээсэн улс гүрэн хэвээр байна.

-Надад хэлэх сайн мэдээ байна. Эдийн засаг маань өсч эхэллээ. Цалин, орлого, орон сууцны үнэ цэнэ, тэтгэврийн данс бүгд өсч байна. Ядуурал буурч байна. Баячууд зохих татвараа шударгаар төлдөг боллоо. Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт доголдож байсан ч ажилгүйдэл сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрлээ.

-Найман жилийн хугацаанд бид гадаадын газрын тосноос хараат байдлаа хоёр дахин бууруулж, сэргээгдэх эрчим хүчээ хоёр дахин нэмэгдүүллээ. Эх дэлхийгээ хамгаалах үйлсэд бид дэлхий нийтийг манлайлан ажиллаж байна.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаадын аль ч алан хядах байгууллага эх орны маань хөрсөн дээр халдлага зохион байгуулж чадсангүй. Гэхдээ Бостон, Орландо, Сан Бернардиногийн халдлага хэт үзэл ямар аюултай болохыг, бас манай хууль хүчний байгууллага хэр үр дүнтэй ажилладгийг харууллаа. Бид хэдэн мянган террорист, тэр дундаа Бин Ладеныг хүртэл устгаж чадсан.

-Айх хэрэггүй. Гэхдээ сонор сэрэмжтэй байцгаая. Исламын улс гэм зэмгүй иргэдийг хөнөөх гэж оролдох нь дамжиггүй. Гэхдээ бид өөрсдөө Үндсэн хуулиасаа, үндсэн зарчмаасаа урваж гуйваагүй цагт Америкийг тэд ялж чадахгүй.

-Орос, Хятад гээд өрсөлдөгчдийн маань аль нь ч дэлхий дахинаа бидэн шиг нөлөөлж чадахгүй. Бид өөрсдөө л бууж өгөхгүй бол, аль нэг том улс орон жижиг хөршөө дээрэлхэхийг хараад зүгээр суухгүй л бол хэн ч бидэнтэй эн зэрэгцэхгүй.

-Өнөө орой би ардчиллын тухай онцлон тэмдэглэмээр байна. Хүн бүрт эдийн засгийн тэгш боломж байхгүй цагт ардчилал гэж байхгүй.

-Үндсэн хууль бол бидэнд өгсөн гайхамшигтай бэлэг юм шүү. Гэвч энэ хууль дангаараа бол ердөө нэг цаас төдий. Бид, ард түмэн бид л түүний хүч нь болдог юм. Бид, ард түмэн л оролцоогоороо, сонголтоороо түүнд утга учир өгдөг билээ. Эрх чөлөөний төлөө зогсох эсэх, хууль журмыг хэрэгжүүлэх эсэх бүгд биднээс хамаарна.

-Мишель ЛаВон Робинсон, өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи зөвхөн миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж байсангүй. Миний хамгийн сайн найз байлаа. Чи өөрөө ч хүсээгүй үүрэг хариуцлагыг соёрхол хүндэтгэлтэйгээр, хатуужил тэвчээртэйгээр хүлээж өдий хүрэхдээ өөрийн гэсэн хэв маяг, хошин шогийн мэдрэмжээ ч бидэнд харуулж чадсан. Чи л Цагаан ордоныг хүн бүхэнд нээлттэй болгож чадсан. Чиний үлгэр дуурайлаар шинэ үеийнхэн илүү өндөрт хүрэх гэж зорьдог болсон. Би чамаараа маш их бахархаж байна. Улс орон маань ч чамаар бахархаж байгаа.

-Малиа, Саша охид минь, та хоёр танил дасал болоогүй шинэ ертөнцөд гайхамшигтай залуу эмэгтэйчүүд болон өслөө. Та хоёр минь ухаантай, үзэсгэлэнтэй. Хамгийн гол нь хэрсүү, бодлоготой, хүсэл эрмэлзэл дүүрэн залуу эмэгтэйчүүд боллоо. Бүгдийн нүдэнд ил амьдрах хүнд ачааг та хоёр минь үүрч гарсан. Амьдралдаа хийж бүтээсэн бүх зүйлсээс та хоёрынхоо эцэг нь болсноороо аав нь хамгийн их бахархдаг шүү.

-Жой Байден, Скрэнтоны сөөсгөр хүү. Дэлавэйрчүүдийн хайртай хүү. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа гаргасан хамгийн анхны бөгөөд хамгийн зөв шийдвэр бол чамайг хамтрагчаараа сонгосон минь байлаа. Гэхдээ энэ бол хамгийн сайн дэд Ерөнхийлөгчийг олж авсны хувьд биш, харин амьдралынхаа ахыг олж авсны хувьд хамгийн зөв шийдвэр байсан юм шүү. Жилл (Байдены эхнэр.орч) та хоёртоо бид хайртай. Бид нэгнээ олж нөхөрлөсөн нь энэ амьдралын том баяр баясал юм.

-Гайхамшигтай хамт олон, алба хаагчдадаа, та нар маш ихийг хийж бүтээсэн. Та нарын эрч хүчээс би ихийг олж авсан. Өнгөрсөн хугацаанд, өдөр бүр би та бүхний тусгал байхыг хичээсээр ирсэн. Зүрх сэтгэлээрээ, зан чанараараа, үзэл баримтлалаараа. Та нар минь өсч өндийхийг, гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохыг,  амьдралынхаа гайхамшигт аялалаа эхлүүлэхийг харлаа. Хамгийн хүнд хэцүү өдрүүдэд ч та нар Вашингтоны төлөө зүтгэсэн.

-Анх Ерөнхийлөгч болсон тэр үеэс илүү өөдрөгөөр би энэ тайзыг орхиж байна. Яагаад гэвэл бид бүгдийн хийж бүтээсэн ажил Америкийн олон мянган залууст өөрчлөлт хийх итгэл, урам зориг өгсөн гэж итгэж байгаа учраас. Хувиа боддоггүй, өгөөмөр нинжин сэтгэлтэй, бүтээлч, эх оронч үе өсч өндийж байна.  Би эх орныхоо өнцөг булан бүрт ийм залуу үеийг харж байсан.

-Америкчууд аа, Та бүгдэд үйлчлэх нь миний амьдралд тохиосон хамгийн том нэр төрийн хэрэг байлаа. Би зогсохгүй. Үлдсэн амьдралынхаа туршид, иргэний хувиар, та бүгдийн хажууд хамт байх болно. Харин одоо, Ерөнхийлөгчийн хувиар та бүгдээс сүүлчийн удаа гуйх нэг хүсэлт байна. Үүнийг би найман жилийн өмнө ч та бүгдээс хүсч байсан билээ. Би та бүгдийг ИТГЭЭСЭЙ гэж хүсч байна. Гэхдээ надад биш, өөрсдийнхөө өөрчлөлт хийх чадварт итгээсэй гэж хүсч байна.