Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 2 цагийн өмнө

Пак Гын Хэ солонгос эмэгтэйчүүдийнхээ нэрийг унагалаа

Сэтгүүлч: М.Ариунцэцэг Newscom_mn

Дөрвөн жилийн өмнөхөн Өмнөд солонгосчууд, ялангуяа эмэгтэйчүүд түүхэндээ хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо хэмээн баярлаж, бахдаж байсан. Пак Гын Хэ ч Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж,  эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө ажиллах болно гэж ам бардам амлаж байв. Жендерийн тэгш эрхийг хамгийн ихээр ярьдаг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдсон учраас  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийн ялгаа арилах байх, арилахгүй юм аа гэхэд ядаж дээрдэх биз хэмээн олон хүн найдаж байсан ч тэдний санаснаар болсонгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр хүнд унаснаар Солонгос эмэгтэйчүүдийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь, тэдэнд итгэл хүлээлгэх байдал ч дагаад унасаныг “Bloomberg” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ дотны найзынхаа үгээр олон жил явсаны эцэст албан тушаалаасаа буухдаа тулчихаад  буй. Багаасаа гүнж шиг амьдарч ирсэн Пак Гын Хэ ид төлөвшиж, бие дааж амьдарч эхлэх үедээ “Мөнх амьдрал” Христийн шашны урсгалыг үүсгэн байгуулагчийн охин Чой Сүн Шилтэй танилцаж, өдийг хүртэл түүний үгээр явсаар өнөөдөр ийм байдалд хүрчээ. Чой Сүн Шил найз Пак Гын Хэгийн хэлэх үгийг хянаж, эрх мэдлийг нь ашиглан улсынхаа томоохон компаниудаас мөнгө нэхэж, хөрөнгө босгож, тэр бүү хэл найзынхаа юу өмсөхийг хүртэл заадаг байсан гэдэг. Ямартай ч найздаа хэт итгэсэн Пак Гын Хэгийн болчимгүй үйлдлээс болж Солонгосын эмэгтэйчүүдийн нэр хүнд дагаад уналаа.

Гэхдээ Пак Гын Хэгийн нэр хүнд энэ явдлаас ч өмнө унаж эхэлснийг санах хэрэгтэй. 2014 онд олон зуун хүний амийг авч одсон Севол хөлөг осолдож, улс оронд нь асар том гарз хохирол учраад байхад Ерөнхийлөгч Пак Гын Хэ бүхэл бүтэн есөн цаг учир битүүлгээр алга болсны учир одоо хүртэл тайлагдаагүй. Энэ үед түүнийг үсчинд сууж байсан, үл таних эртэй болзож байсан, гоо сайхны мэс засалд орсон гэх таамгууд ч бий. Ямартай ч, тэр үеэс л Пак Гын Хэгийн нэр хүнд  унаж эхэлсэн юм.

Хэдий өнгөц харахад Пак Гын Хэ л ганцаараа буруутай, нэр хүнд нь унасан мэт харагдах ч асуудлын гүн рүү шагайвал Солонгос эмэгтэйчүүд илүү хохирсон мэт. Ерөнхийлөгч нь шившгээ хутгаж орхисон энэ явдлын дараа солонгос эмэгтэйчүүдийг дээд албан тушаалд гарахад улам хүнд болж, хэдий нь тийм байр сууринд хүрсэн эмэгтэйчүүдийн хувьд карьер ч ганхаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.  Түүний үйлдэл Солонгосын эмэгтэйчүүдэд ямар их сөрөг нөлөө үзүүлсэн талаар Солонгосын санхүүгийн эмэгтэйчүүдийн холбооны захирал Ким Сан Кюн “Энэ бол зөвхөн Пак Гын Хэгийн хэрэг биш. Түүний гаргасан алдаа Солонгосын өндөр албан тушаалтай эмэгтэйчүүдэд ямар их сөргөөр нөлөөлж байгааг хар л даа. Олон мянган хүн эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон учир эрэгтэй, эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийн тэнгэр газар шиг ялгаа бага ч болов ойртоно гэж бодож байсан ч түүний хэрэг асуудлыг улам даамжруулж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг улам үнэгүйдүүлж орхилоо” хэмээжээ.

Үүнийг бүр бодит баримтаар харуулвал, 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумын Жендерийн тэгш эрхийн судалгаагаар 144 орноос Өмнөд Солонгос 116-т эрэмбэлэгдсэн байна. Тус судалгаанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, боловсрол, улс төр гээд олон талыг хамруулан авч үздэг юм. Тус судалгаагаар дээд албан тушаалтай Солонгос эмэгтэйчүүдийн тоо тун бага, цалингийн хэмжээ ч эрэгтэйчүүдийг бодвол муу байгааг харуулжээ. Харин Ерөнхийлөгч Пак Гын Хэг 2013 онд сонгогдоход тус улсын эмэгтэйчүүд 108-д бичигдэж байсан юм.  Мөн саяхан Өмнөд Солонгосын Засгийн газрын гаргасан судалгаагаар өнгөрсөн онд ажилтай эмэгтэйчүүдийн түвшин 50.2 хувьтай байсан нь 2012 оны 48.2 хувьтай харьцуулбал сайн хэрэг ч өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн түвшин бүр 71.1 хувь болтлоо өссөнийг давхар бодолцох хэрэгтэй.

Пак Гын Хэ Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших эмэгтэйчүүдийн цалингийн түвшин \Пак Гын Хэ 2013 онд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн билээ\

Солонгосын эмэгтэйчүүдийн байгууллагууд Ерөнхийлөгч Пак Гын Хэд уурсаж, нэн яаралтай прокурорт шалгуулах ёстой гэсэн шаардлагыг удаа дараа тавьсаар ирсэн. Вандербильт их сургуулийн улс төрийн дэд профессор Ю Хю Яанг “Пак Гын Хэгийн хэрэг Солонгосын эмэгтэйчүүд өндөр албан тушаалд гарахаараа гоо сайхны хагалгаа, үс, зүсэндээ л анхаарч эхэлдэг гэсэн буруу ойлголтыг нийгэмд гүн гүнзгий суулгасан хэрэг боллоо” гэж дүгнэсэн байна.

Өмнөд Солонгост Пак Гын Хэгийн удирддаг яамд, газруудад эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь 19 хувь болтлоо нэмэгдсэн ч хувийн хэвшилд харин ч эсрэгээрээ эрэгтэйчүүд илүү давамгайлах болжээ. 2015 оны байдлаар Солонгосын 100 шилдэг компанийн гүйцэтгэх захиралын ердөө 2.3 хувийг нь л эмэгтэйчүүд эзэлж байжээ.

Ямартай ч солонгосчууд түүхэндээ эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж үзлээ. Эмэгтэй хүнийг хамгийн дээд албан тушаалд томилж үзлээ. Гэхдээ тэдний сонголт оновчтой байсангүй.

Одоогоор Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах эсэхийг Солонгосын Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэж байна. Хэрэв Пак Гын Хэг огцруулах парламентын шийдвэрийг дэмжвэл тэрээр хугацаанаасаа өмнө суудлаасаа бууж, ирэх наймдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох учиртай. Харин энэ удаагийн сонгуульд нэр дэвших хүмүүс нь бүгд эрэгтэй юм байна. Ийнхүү Ерөнхийлөгчийнхөө анзааргагүй үйлдлээс болж нэр хүндээ алдаж байгаа Солонгос эмэгтэйчүүдийн “хувь заяа” дараагийн Ерөнхийлөгчийн ямар бодлого явуулахаас шууд хамааралтай болоод байна.