Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийг огцруулахыг дэмжлээ

Сэтгүүлч: Г.Ганчимэг Newscom

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдэл намын дарга Г.Уянга нар хамтран хэвлэлийн хурал хийлээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Гантөмөрийн Уянгаас хаяглагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд гэсэн 15 зүйл бүхий бичиг бүх УИХ-ын гишүүдэд ирсэн. Надад мөн ирсэн. Үүнийг зөв зүйтэй байна гэж миний бие үзээд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд энэ зүйлүүдээр цаашид УИХ-д хандана. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн бусад байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэвэл хүсэл санаачлах” гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу мөн бүрэн эрхийнхээ хүрээнд энэ зүйл дээр цаашид хамтарч ажиллана” гэв.

Харин Тусгаар тогтнол, эв нэгдэл намын дарга Г.Уянга “Тусгаар тотнол, эв нэгдлийн намаас хэвлэлийн хурал хийлгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг зарлаад УИХ-ын дарга болон гишүүдэд албан бичгээр хандсан. Ерөнхийлөгчийг огцруулах субьект бол УИХ-д байгаа, Үндсэн хуульд заагдсанаар. Тиймээс УИХ-ын бүх гишүүнд хандсан юм. Харин С.Жавхлан гишүүн дуудаж уулзсан. Өмнө нь ч гэсэн С.Жавхлан гишүүн “Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг хоногийн өмнө ч болтугай огцруулах шаардлага байна” гэдгээ олон нийтэд ил тод илэрхийлж байсан. Би энэ асуудлыг С.Жавхлан гишүүнийг хүлээн авч цаашид УИХ-д хандахаар болсонд баярлаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийн эхнийх нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон, хоёрдугаарт нь, Монгол Улсад үлэмж их татвар төлөхгүйгээр нуун дарагдуулсан Жастин Капла нарыг хууль зөрчин өршөөж, Монгол Улсад хохирол учруулсан. Мөн гуравдугаарт, “Рио Тинто” компаниас байр авсан нь авилгын шинжтэй гэж үзэж байгаа юм. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Оюутолгой компанитай гэрээ хийж, “Pоял хаус” хотхонд долоон тоот байрыг хувьдаа авсан байгаа. Энэ нь албан баримтуудаар батлагдаж нотлогдсон. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн эхнэрийн ТББ-д хандив цуглуулах аяныг “Рио Тинто” компани АНУ-д зохион байгуулж, гурван сая хүртэлх ам.доллар цуглуулсан. Энэ нь авилгын шинжтэй, цаад шалтгаан нь “Рио Тинто”-н гэрээтэй холбогдож байгаа юм. Өөрийн найз Робертод мөн Монголын мөнгийг зувчуулсан гэдгийг тавдугаарт бичсэн гэм мэт 12 үндэслэл бий” гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах саналыг УИХ-ын 76 гишүүнээс зөвхөн С.Жавхлан дэмжиж, Г.Уянгыг дуудан уулзсан байна. Г.Уянга энэ асуудлаар өмнө нь 12 дугаар сард “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж байсан юм.