Та өнөөдөр баярлалаа гэж хэлсэн үү?

Сэтгүүлч: М.Ариунцэцэг Newscom_mn

Та өнөөдөр баярлалаа гэж хэн нэгэнд хэлсэн үү? Учир нь, өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх дэлхийн өдөр. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүс өнөөдөр  талархсан сэтгэлээ илэрхийлж, баяр жаргалыг бие биедээ харамгүй илгээж байна. Магадгүй та баярлалаа гэж хэлж амжаагүй бол хэн нэгэнд үгүй ядаж өнөөдрийг хүртэл эрүүл саруул, мөр бүтэн, санаа сэтгэл тэнэгэр яваа амьдралдаа талархал илэрхийлээрэй. Учир нь, “Баярлалаа” гэж хэлснээр баярлах шалтгаан тохиолддог юм шүү.  Өөрөөр хэлбэл, баярлалаа гэдэг үг өнгөрсөн үйл явдлын үр дүн байгаад зогсохгүй ирээдүйд учрах сайн сайхныг урин дууддаг юм. Итгэхгүй бол танд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны тоо баримтыг сонирхуулъя.

– Хэсэг эрдэмтэн хүмүүсийг хоёр бүлэгт хувааж,  сонирхолтой судалгаа явуулжээ. Эхний хэсэгт долоо хоногийн турш өөрт тохиолдсон азтай, баяртай тохиолдол бүрийг тоочиж, “баярлалаа” гэж бичих даалгавар өгсөн байна. Харин хоёр дахь бүлэгт долоо хоногийн турш амьдралдаа тохиосон сэтгэл дундуур үйлдлийг бичиж тэмдэглэхийг даалгажээ. Долоо хоногийн дараа үр дүнг хартал эхний хүмүүсийн амьдрал болоод эрүүл мэндэд мэдэгдэхүйц өөрчлөлт  гарч эхэлсэн бол хоёр дахь бүлгийнхний хувьд амьдрал нь яг хэвэндээ байжээ. Тэдний энэ дадлыг болиулсан ч ирээдүйд эхний бүлэг хүмүүс илүү амжилт гаргасан нь цаашдын судалгаагаар харагдсан байна.

-Саяхан Адам Грант, Франциско Гино хэмээх хоёр эрдэмтэн судалгаа явуулж, “Баярлалаа” гэдэг үгийг удирдагчид, удирдлагын түвшний хүмүүс илүү хэрэглэвэл үр дүнтэй байгааг олж тогтоосон байна. Дарга, удирдлагууд нь “Баярлалаа” гэж хэлэхэд ажилтнуудын өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажлын үр дүн нь ч эрс дээшилжээ.

-Сэтгэл судлаач Жеффри Про 8-11 насны хүүхдүүдэд “Баярлалаа” гэж хэлэх дадлыг төлөвшүүлэхээр хичээл заасан байна. Судалгааны үр дүнд тус хичээлд суусан хүүхдүүд бусдыг бодвол харилцаа нь эрс сайжирч, баяр баясгалантай, эерэг сэтгэлгээтэй явах болжээ.

– “Баярлалаа” гэдэг үгийг хэн нэгнээс сонсч, талархал хүлээхэд уур уцаар, сэтгэл гутрал 35 хүртэл хувиар багасч, аз жаргалтай мэдрэмж 10 хувиар нэмэгддэг байна.

– “Баярлалаа” гэж хэлэхэд аз жаргалын даавар жирийн үеийнхээс илүү ялгардаг юм байна.

Анхаарал тавьсан уншигч танд БАЯРЛАЛАА.