Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 3 7 хоногийн өмнө

Улаанбаатар: Амьдрахад аюултай хот

 

Тийм ээ, энэ бол Улаанбаатарын утаа.  Та бидний өдөр тутмын танил дүр зураг.  Танил, дасал, одоо бүр улиг болж.

“Улаанбаатар бол хүн амьдрахад аюултай орчин”, “Хөрөнгө оруулаад ч хэрэггүй үр ашиггүй хот”, “Улаанбаатараас нүүж, өөр газар амьдар” гэж өнөөдөр төрийн тэргүүн маань зарлалаа. Утаа гамшиг болсныг хүлээн зөвшөөрлөө.

Гэхдээ арван  жилийн дараа.  Энэ хооронд “утааны үеийнхэн” гээд бүхэл бүтэн үе бий болсныг улсын Ерөнхийлөгч “олж харжээ”. Эцэст нь, эрх баригчид агаарын бохирдлыг ингэж нэг хүлээн  зөвшөөрөхийг, тэгэхдээ өөрсдийн чинь л хохь гэж хэлэхийг сонсох гээд өдий хүртэл утаандаа хордож суусан юм гэж үү, бид?

Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ гэдэг шиг явж явж нийслэлчүүд өөрсдөө л энэ бүхэнд буруутай болж таарсан. Ерөнхийлөгчийн хэлсэн үгээр бол сэтгүүлчид нь утаа их байна гэж анхааруулж хэлдэггүй, иргэд нь урьж залаагүй байхад хотод нүүж ирээд байдаг учраас Улаанбаатар өнөөдөр утаандаа дарагдсан гэнэ. Түүнээс Ерөнхийлөгчийн сэтгэл зүрхэнд үргэлж байсаар ирсэн. Тэмцсээр ч ирсэн. Тэр бүү хэл олон улсын байгууллагаас агаарын бохирдолтой хамгийн идэвхтэй тэмцэж буй Ерөнхийлөгч хэмээн шагнуулж байсныг одоо ч санах хүнгүй болж дээ гээд гомдонгуй янзтай.

“Асуудлыг олны анхааралд оруулна, төрийнхөнд нөлөөлнө гэдэг ард түмнээс хамаардаг” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Үнэн. Анхааралд оруулахын төлөө Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн жилүүдэд хүйтний ам наашлахтай зэрэгцэн “Одоо утаа эхэллээ шүү” гэж, хөхүүрийн ам наашилсан ч “Утаагаа мартаж болохгүй шүү” гэж бичсээр, сануулсаар ирсэн. Харин сэтгүүлчдийн ажилгүйг гайхсан эрхэм Ерөнхийлөгч, үе үеийн эрх баригчид л үл тоосоор өдийг хүргэсэн.

Гэвч одоо бол хэн хэлээд, хэн нэдэр дээрээ хийгээд ирснийг шүүх цаг биш ээ. Тэгж суух аргагүй цаг хугацаа давчиджээ. Үр хүүхдийн маань эрүүл мэнд бидэнд цэц булаалдаж суух чөлөө олгохгүй эрсдэлтэй нөхцөлд байна.

Ийм үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгөөс өдий хүртэл хэнээр ч хэлүүлэлтгүй гүйцэтгэж ирсэн нийгмийн үүргээ биелүүлж, утаа хэмээх ужиг асуудалд дорвитойхон анхаарал татахын тулд хүчээ нэгтгэж байна.

GoGo мэдээний агентлагаас Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриалсан. Энэхүү санаачилгад “Newscom” сайт нэгдэж, тэргүүн онцлох булангаа монголчуудын хамгийн эмзэг сэдэв болсон утааны эсрэг зориулж байна. Үүнд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон арван байгууллага нэгдсэнийг та дараах жагсаалтаас харж болно.

  1. МҮОНТВ
  2. Боловсрол ТВ
  3. Монгол HD
  4. NTV
  5. ТВ5
  6. UBS
  7. C1
  8. ETV
  9. ECO телевиз
  10. ЛХА ТВ
  11. Bloomberg TV Mongolia
  12. OTV
  13. VTV
  14. Засгийн газрын мэдээ сонин
  15. Өнөөдөр сонин
  16. Өглөөний сонин
  17. Үндэсний мэдээ
  18. Монголиан экономи сэтгүүл
  19. News.mn
  20. unuudur.mn
  21. dnn.mn
  22. view.mn
  23. itoim.mn
  24. mongolcom.mn
  25. chuhal.mn
  26. tugeene.mn
  27. time.mn
  28. times.mn
  29. zindaa.mn
  30. mnews.mn
  31. mass.mn
  32. Ikon.mn
  33. Unread.today
  34. Infomongol.mn
  35. Niislel.mn
  36. Barilga.mn
  37. cityinfo.mn
  38. shuud.mn
  39. vip76.mn
  40. ub.life
  41. Шинэ Монгол радио
  42. I marketing суваг агентлаг

Гэхдээ энэ бол ганц удаагийн үйлдэл биш юм. Монголын сэтгүүлчид монгол хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө утаа, агаарын бохирдол, нийтийн эрүүл мэндийн талаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Цаашид ч энэ үүргээ биелүүлсээр байх болно.