Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 2 цагийн өмнө

“Зэрэгцээ ертөнц”-ийн хүүхдүүд

3эрэгцээ ертөнц. Бидэнтэй хамт оршин амьдарч буй хэрнээ үл хайхран орхисон тэр ертөнц. Гэтэл тэр хэсэгхэн зайд ямар олон хүүхэд амьдарна вэ? Хамгийн дотны хүмүүсийнхээ хүчирхийлэлд автсан, зодуулж бэртсэн, халамж анхаарал дутсан, халуун дулаан гэр бүл, хайр хүссэн хүүхдүүд. Та тэр хүүхдүүдийг мэдэх үү? Үгүй бол “UB Аrt Gallery”-д гарч буй “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнг зорьж очоорой. Нийгмийнхээ ухаант хэсэгт мартагдаж хаягдсан тэр хүүхдүүдийн ертөнц рүү өнгийгөөд нэг хараарай.

“Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Тусгал” гэрэл зургийн клубийн залуус та биднийг сэрж мэдрээсэй гэсэндээ Монголын хамгийн эмзэг бүлгийн, хаягдаж мартагдсан хүүхдүүдийн зургийг “үзэсгэлэн болгож” өнөөдөр бидний өмнө дэлгэн тавилаа. Гэхдээ хүүхдийн эрхийн төлөө гээд эргээд эрхийг нь зөрчихгүйн тулд тэд зарим гэрэл зурагтаа “Олон нийтэд түгээхийг хатуу хориглоно” гэсэн тусгай тэмдэглэгээ ч тавьжээ. Нүүр царай нь тод танигдах хүүхдийн энэ зургийг хожим хойно амьдралд нь сэв болгохгүйн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж болохгүй ч үзэгч та өөрийн нүдээр очиж харах эрх нээлттэй.

“UB Art Gallery”-н ханыг дүүргэсэн хүүхдүүдийн зураг дунд модон тавцан дээр тавьсан ягаан өнгийн туфль, гадаад паспорт, улаан сарнай тун содон харагдана. Энэ бол бас л манай зэрэгцээ ертөнцийн хүүхдүүдийг илэрхийлэх эд зүйлс. Өнөөдөр Эрээн хотод 250-300 монгол охин биеэ үнэлж байна. Хятадын баяр ёслолын үеэр энэ тоо 3-4 дахин өсч, 800-1000 хүрдэг гэсэн мэдээлэл бий. Энэ дунд хүний наймаа, мөнгөний барьцаанд орсон, ухаан бодол нь төлөвшөөгүй, аргагүйн эрхэнд биеэ үнэлэхэд хүрсэн насанд хүрээгүй охид хэдэн арваараа бий. Тэднийг ч бид аврах ёстой гэж “Лантуун дохио” ТББ-ыг санаачлагч Ч.Ганжавхлан хэлж байна.

Хагас сарын өмнө нийгмийн сүлжээг ашиглан, олны хүчийг хуримтлуулж, яг л энэ “Зэрэгцээ ертөнц”-ийн хэдэн мянган хүүхдэд өвлийн өвөөгийн дүрээр уут дүүрэн бэлэгтэй очиж, амьдралд нь гэрэл гэгээ, баяр баясгалан бэлэглэж байсан “Лантуун дохио” ТББ-ын залуус “Ид шидийн орон” хэмээх хүүхэд хамгаалал хөгжлийн төслийг санаачлан ажиллаж байгаагаа энэ үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

Тэд СХД-ийн Баянхошууны хоёрдугаар буудалд хүүхдийн төлөө цогц үйл ажиллагаа явуулах төв барихаар ажиллаж байгаа ажээ. Энэ тухай Ч.Ганжавхлан ярихдаа “Хүүхдэд тулгамдаж байгаа асуудлуудыг бид мэддэг. Хүүхдүүд ийм байна, тийм байна гээд цахим ертөнцөд асуудлаа ярьдаг, хуваалцдаг. Гэхдээ энэ хүүхдүүдийг хамгаалах байранд аваачъя, асрах төвд түр өгье гэхээр нийслэлийн хэмжээнд ганцхан хамгаалах байр байдаг. Тэр нь хорин хэдэн ортой. Хүүхдүүд авч чадахгүй, хүрэлцээ муутай. Тийм учраас л бид “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн цогцолборыг барих гэж байгаа юм. Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах, сурч боловсрох орчноор хангахын зэрэгцээ өдөр өнжүүлэх маягаар харж хандах төвийг бий болгоё гэсэн юм. Энэ төвөө барьж байгуулахын тулд бид нэг жилийн хугацаанд олон төрлийн үйл ажиллагаа, хандивын тоглолт зохион байгуулна. Бид 32 сая төгрөг босгож чадвал “Ид шидийн орон”-оо байгуулж чадна. Яг өнөөдөр эцэг эх нь байгаа ч гэсэн архины хамааралтай, нэг бол настай өвөө эмээ нь асардаг, гурав дөрвөн нялх хүүхэдтэй гэр бүл олон бий. Тийм хүүхдүүдийг ч бид өдөр өнжүүлэх ангидаа авна. Нийт 100 хүүхэд авч, хүний наймаа, хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хууль зүйн болоод сэтгэл заслын үйлчилгээ ч үзүүлнэ” гэлээ.

“Зэрэгцээ ертөнц”-ийн хүүхдүүд бүр ч ор тас мартагдчихаагүй ажээ. Тэднийг гээд санаж сэрэх хүн бидэн дунд байна. Гагцхүү одоо нийтээрээ сэрэх цаг болж. “Хүүхдийн төлөө за гэж хэлье” хэмээн дуулдаг монголчууд аа,  зэрэгцээ ертөнцийн хүүхдүүд рүүгээ өнгийж нэг хараач.

Мянган сонсовч ойлгодоггүй тэр л зүйлийг ганцхан гэрэл зураг танд ухааруулах болно. “Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн энэ сарын 11-17-ны хооронд UB Art Gallery-д үнэ төлбөргүй гарч байна.

Ч.Бадамцэрэн