Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

Ус танд цэвэр тунгалаг царайг бэлэглэнэ

Бид амьдралын буруу хэвшлээ өөрчилж, шинэ хандлага эзэмших талаар олонтаа боддог ч хэвшүүлж чадахгүй тохиолдол байдаг. Гэхдээ нэгэнт та шинэ хүн болохоор шийдсэн бол шантарч болохгүй. Зөв хандлага эзэмшихэд арга нь буруу ч оролдоод байвал дадал болдог гэдэг шүү дээ.

Тэгвэл эрүүл мэнддээ анхаардаг эрхэм шинэ хүн танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Одоо хамгийн чухал нь…

Усыг хэзээ, хэрхэн хэрэглэвэл тохиромжтой вэ?

1.  Хоол идэхийн өмнө 1-2 аяга цэвэр ус уу

2.  Өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга цэвэр ус уу

3.  Телевизор үзэж суухдаа усыг шимж уу

4.  Хаа ч цуг гэж мэдээрэй – Дасгал сургуулилт, биеийн хүчний ажил хийх явцад хүн их хэмжээгээр шингэнээ алддаг. Энэ үед л ус таны дотны анд учраас хаа ч явсан авч явах хэрэгтэй.

5.  Би зүгээр л ус уумаар байна – Ингэж зоригтойгоор хэлж сур. Мөнгөө хэмнэж, эрүүл мэндээ бодвол хийжүүлсэн, химийн будгаар өнгө оруулсан ундаа худалдан авах хэрэггүй. Түүний оронд усыг сонгох нь таны эрүүл мэндэд тустай.

Тэгвэл ус уух ямар ашиг тустай вэ?

1. Яс, шүдийг илүү бат бэх болгоно

Гайхалтай санагдаж болох ч энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Усанд агуулагдах эрдэс бодис, ялангуяа фтор /“Fluoride” буюу шүдний оонд агууллагддагаар нь сайн мэднэ/  нь яс, шүдийг илүү бат бөх болгодог байна.

2. Цэвэр тунгалаг зүс царай бэлэглэнэ

Хүмүүс хүзүү, нүүрний арьсныхаа үрчлээг арилгах гэж үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл ямар нэгэн химийн найрлага ороогүй, хамгийн шилдэг, байгалийн бүтээгдэхүүн бол “УС” юм. Өдөр хамгийн багадаа тогтмол 8 аяга ус ууж заншсанаар та гоо сайхнаа үнэгүй бүтээж чадна.

3. Шээс ялгаруулах үйл ажиллагааг хэвийн болгоно

Цэвэр ус, тэр дундаа байгалийн ус нь бие махбодийг ариутган угааж цэвэрлэнэ.

4. Жингээ хасахад тань тусална

Та турах гэж химийн янз бүрийн хорт нэгдлийг өөр дээрээ турших хэрэггүй. Үүнээс өмнө та биеийн тань жин яагаад нэмэгдээд байгааг нэг бодоорой. Энэ нь эмх замбараагүй хооллосноос бие махбодь тань хорыг өөртөө шингээж, ялгаруулан гадагшлуулж дийлэхгүйтэй холбоотой юм. Тэгвэл бодисын солилцоог идэвхжүүлж, зөв гольдролд оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй. Та усыг зөв хэрэглэж чадвал богино хугацаанд гайхалтай үр дүнд хүрнэ.  Өөрөөр хэлбэл, хоолны дуршлыг бууруулж, таны таргалалтаас сэргийлнэ.

Хүний биеийн 70 орчим хувь нь ус эзэлдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Хүн нийт усныхаа 10 хувийг алдахад л үхэлд хүрэх аюултай гэнэ шүү.

Тэрчлэн хүний идсэн хоол хүнс сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн шингэнд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад ус үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Тэгэхээр энгийн боловч эрүүл хэрэглээгээ бодож, ус ууж хэвших нь таныг санаа зовох зүйлгүй “Шинэ хүн” болоход тань туслах юм.