Риогийн хамгийн загварлаг ёслолын хувцас аль улсынх вэ

Хүн төрөлхтөний их баяр наадам болсон зуны олимп эхлэхэд 31 хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд ихэнх улс орны баг тамирчдын өмсөх ёслолын хувцас бэлэн болжээ. Олимпийн дэвжээнд Монголоо төлөөлөн оролцох манай 38 тамирчны ёслолын хувцсыг ч олон нийтэд танилцуулсан нь зарим нэгний талархлыг хүлээж, цөөнгүй хүмүүсээс шүүмжлэл сонсоод байна. Гурав дахь олимпдоо шаргал өнгийг сонгосон манай дизайнерууд тамирчдаа алтан медаль авахыг бэлгэдсэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч зөвхөн алтан медалийн өнгийг бэлгэдсэн гэх шар өнгө болоод хувцасны материалын сонголт, хээ чимэглэл зэрэг ядруухан, Монгол үндэсний гэх онцлог, хэв шинжийг тусгасан зүйл алга, шинээр сэтгэсэнгүй хэмээн шүүмжлүүлж байна.

Ядахад урд хөрш Хятадын баг тамирчдын ёслолын хувцаснаас ялгарах зүйлгүй шахам шар өнгөтэй байгаа нь шүүмжлэлийг өдөөж байна. Өнгөрсөн сард танилцуулсан Хятадын шигшээгийн эмэгтэйчүүдийнх нь ёслолын хувцас манайхтай яг ижилхэн шар өнгийн пиджак, цагаан өнгийн банзалтай байсан. Манайх түүнээс гагцхүү далбааны өнгө бүхий малгайн оруулга, ороолт, бас хээгээрээ өөр байгаа юм. Хятадынхтай адилхан болчихлоо гэж манайхан тамирчдынхаа хувцсыг өөлж байгаа бол хятадууд ч тамирчдынх нь өмсгөлд улаан, шараас өөр өнгө сонгодоггүй дизайнеруудаа шүүмжилж байгаа аж. Тэр бүү хэл Хятадын сошиал ертөнцөөр “Дахиад л шарсан өндөг, улаан лооль байх шив” гэсэн урам хугарсан сэтгэгдэл их явжээ.

Тус улсын баг тамирчдын эмэгтэйчүүд шар өнгийн хослол, эрчүүд нь улаан өнгийн хослолоор гоёх болсон нь ийн шүүмжлэхэд хүргэжээ. Харин дизайнерууд өөрсдийн өнгөний сонголтоо хамгаалж “Тамирчид маань төрийн далбаагаа нөмрөөд явж буй мэт мэдрэмж аваасай гэсэндээ энэ хоёр өнгийг сонгосон” гэж тайлбарлаж байна.Хятадын хувьд төрийн далбааны хоёр өнгөө л сонгосон гэдэг үндэслэл бүхий тайлбартай байгаа бол манайд шар өнгийг заавал сонгох шаардлагагүй. Гэхдээ олимп зохион байгуулагч бразильчууд шар өнгөнд дуртайг дизайнерууд тооцсон ч байж мэднэ.

Ер нь олимпийн тамирчдынхаа албан ёсны хувцас, өмсгөлийн загварыг гаргахдаа ихэнх орон төрийн далбааны өнгө, бэлгэдэл дээр суурилдаг. ОХУ, АНУ, Их Британи гээд ихэнх улс далбааныхаа өнгөөр давалгаалуулдаг. Гэхдээ хамгийн хүчирхэг орны баг тамирчдын хувцас хэрэглэл ч шүүмжлэлээс ангид байна гэж байдаггүй. АНУ гэхэд өнгөрсөн олимпоор тамирчдынхаа хувцсыг Хятадад хийлгээд асар их шүүмжлэл хүлээсний дараа энэ жил эртний түнш “Ralph Lauren” брэндэд загвараа даатгасан.

Тэгвэл Их Британи өөрийн нэрт дизайнер Стелла Маккартни, “Adidas” брэндэд тамирчдынхаа хувцасны дизайныг хариуцуулсан нь 2016 оны олимпийн хамгийн гоё өмсгөлтэй 10 орны нэг болгожээ. Түүнчлэн Австрали, Испани, БНСУ зэрэг орны тамирчдын хувцас өмсгөл ч олны таашаалд нийцжээ.

БНСУ-ын тамирчдын албан ёсны хувцас. Энэ хувцас зика тараагч шумуулнаас тамирчдыг хамгаална гэдгээрээ хамгийн том давуу талтай.

Албан ёсны өмсгөл болон үндсэн хувцас.

Австралийн баг тамирчдын албан ёсны өмсгөл. БНСУ тамирчдынхаа хувцсыг Зикагаас хамгаалахаар хийсэн бол Австрали тамирчдадаа зикагаас сэргийлэх бэлгэвч тараахаар бэлтгэсэн юм.

Австралийн тамирчдын спортын үндсэн хувцас хэрэглэлИспанийн баг тамирчдын ёслолын хувцас

Канадын тамирчдын хувцасны загвар дээр тус улсын нэртэй брэнд “DSquared2”  ажиллажээ.

Францын баг тамирчдын хувцас өмсгөлд хар, цагаан өнгөний хослол ашиглажээ.

Шведийн баг тамирчдын спорт хувцасны загварын H&M гаргажээ.

Эх сурвалж: Forbes, Chinadaily