Ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ

УИХ-ын дарга М.Энхболд, энэ долоо хоногийн сүүлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйг аймгийн Засаг дарга нартай уулзах үеэр мэдээллээ.

Тэрээр ээлжит бус чуулганаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник, хэрэгслийн талаар, сонгуулийн төсөв, зардлын талаар зайлшгүй хэлэлцэх ёстой хэмээн хэлсэн байна.

Түүнлэн өмнөх УИХ-аар хэлэлцэх ёстой байсан, хуулийн хугацаатай асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлууд багтаж байгааг УИХ-ын дарга онцолсон. Мөн Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгааг УИХ-ын дарга хэлсэн юм.