Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

Бие даагч С.Жавхлан ирэх 4 жилд юу хийх вэ

    Мөрийн хөтөлбөр

  1.  Таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье.

Яагаад би таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье гэж нэрлэх болов гэхээр нийтлэлээр дандаа л нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр гэж ярьж яригдаж байдаг. Гэтэл яагаад “мөрийн хөтөлбөр” гэж ярьж нэрийдэх болсон бэ? Гэдэг зүйл дээр асар олон жилээр олон сараар бодлоо чилээж нэг өдөр бодож суухад мөрийн хөтөлбөр гэдэг бол хэн нэгэн хүний болж өнгөрсөн амьдралыг тоочиж шалгааж онгичих гэсэн утгатай юм шиг надад мэдрэгдсэн. Харин таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье гэдэг энэ үгс ирээдүй цаг дээр оноож, бодож тунгааж үйлдэх л хэрэгтэй гэсэн утга бүхий санагдсан. Би хэн нэгэн хүний жишиг үгсийг дагахыг хүссэнгүй. Надад өөрийн гэсэн санаа бодол байдаг. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл ч байдаг. Би бусдын нэгэн адил хэлбэр дүрстэй биетэй хэрнээ бусдаас өөрийгөө онцгой содон оюунтай гэж бодож явдаг.

Өнөөдөр нэр дэвшиж байгаа олон олон залуучууд энэ зүйлийг олж хараад мэдрээд бусдынхаа төлөө зүтгэж чаддаг, үгийг бас дуугарч чаддаг байгаасай гэж хүссэн билээ. Бодлоо чилээж олсон үгийг минь та хүлээн зөвшөөрөх үү?

  •   Хэмнэж чадсан нь хийдэг:

Өнөөдрийн нийгэмд мэдлэгтэйгээсээ илүү мэдрэмжтэй, чалчидгаасаа илүү хийдэг, үрэхээсээ илүү хурааж чаддаг хүн бидний дунд ус агаар мэт хэрэгтэй байна. Би ч мөн адил ийм хүнийг л хүсэж явдаг. Өөрийн юмыг хайрлаж гамнаж чадаагүй хүн өрөөлийн юмыг хайрлаж гамнаж чаддаггүй ээ.

Их хурлын гишүүн гэдэг энэ эрхэм нандин суудал миний хувьд сандал суудал эрх ямба гэхээсээ илүү хамгийн өндөр хариуцлагатай алтан манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг.

Таны таван өдрийн хоолыг алдчихгүй юмсан гэж, өөрийн хоногийн хоолыг алдчихгүй юмсан гэж мэрийж хичээх энэ зүйлийг би мэдрэмж гэж бодож байна. Өнөөдөр бидний нийгэмд асар олон төрлийн мэргэжил, олон олон төрлийн мэдлэгтэй маш олон өнгийн олон зиндааны хүмүүс байгаа. Гэхдээ энэ хүмүүс дунд өөрөөсөө бусдыг хайрлаж чадсан хүн байдаг болов уу? Байвал хэд байдаг бол гэж заримдаа харамсаж суух үе надад гардаг.

  •   Халамж үйлчилгээний салбарт хяналт тавих:

Халамж үйлчилгээний салбарт хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн халамжийн мөнгө, хүний асрамжид байдаг хүмүүсийн мөнгө зэрэгт хатуу хяналт тавьж, эзэнд нь ачаалал чирэгдэлгүй цаг хугацаанд нь хүргэх үйлчилгээг бий болгохыг зорино. Очих ёстой эзэндээ хугацаанд нь алдагдалгүйгээр, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хүрдэг тийм үйлчилгээг сонгож хэрэгжүүлэх. Энэ бол төр түмний хоорондын хамгийн нандин шүтэлцээ байх учиртай. Энэ бол эргээд төр нь түмнээ ивээж, түмэн нь төрөө хайрладаг ийм л тогтолцоог би хүсдэг.

Ийм учраас халамж үйлчилгээний салбар руу хүчтэй анхаарал тавьж мөн түүнчлэн хяналтын тогтолцоог сайжруулна. Яагаад үүн дээр миний түлхүү анхаарах зүйл гарч ирсэн юм бэ? гэхээр цаг тутамд өвгөд одож цаг бүр л нялхас ирж байна. Бид ийм л ертөнцөд оршиж байгаа. Гэтэл эдгээрт зориулсан улсын мөнгийг дундуур нь завшиж өөрийн болгож одсоныг одоогүйд тооцож, мөнгийг нь халаасалж байгаа энэ төрлийн луйварчидтай хатуу тэмцэнэ. Халамж үйлчилгээний салбарт хүчтэй анхаарлыг тавьж. Төр иргэн хоёрын хариуцлагын тогтолцоог өндөржүүлж ажиллах.

2. Нийгмийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье.

  • Хүслийг хэрэгжүүлье: Өнөөгийн боловсролын тогтолцоонд гадаад ертөнцийг л заах болохоос өнөөгийн өвөг дээдсийн өв соёлоос заахаа больжээ. Үүнийг бий болгохын тулд үндэсний бахархлыг сэргээж өв их соёлыг хамгаалж, Монгол хүний омогшлыг түгээж иргэн бүр хүн бүрийн үнэ цэнэтэй тогтвортой амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе.

3. Төрийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье.

  •   Монгол улсын иргэний даатгалын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө зүтгэнэ.

Монгол улсын иргэн бол эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэсэн хоёр даатгалд ерөнхийдөө хамрагдаж байдаг. Даатгалын салбарт хүч түрэн орж, Монгол иргэн бүрийг үнэлүүлж, иргэн бүрийн үнэ цэнийг нэмэгдүүлж иргэний даатгал гэдэг зүйлийг гаргахыг зорьж хичээх болно. Иргэний даатгал гэдэг зүйл бидэнд зайлшгүй дутагдаж байна. Өнөөдөр хашаа байшингаа даатгуул, машинаа даатгуул гэж ярьдаг болохоос хүн та өөрөө өөрийгөө даатгуул гэсэн хүлээн зөвшөөрөл бидний дунд байдаггүй.

Тэгвэл би та бүхний өмнө үл хөдлөх хөрөнгийн даатгалын тухай биш хүн таны хүмүүн бидний үнэ цэнийн тухайд ярилцах гэж байна. Өөрөөр хэлбэл төр нь иргэнээ үнэлдэг, төр нь иргэнээ хүндэлдэг, төр нь хүнээ дээдэлдэг тэр нийгмийг л бид бий болгож бүтээхийн тулд хийж бүтээх санал санаачилагын хувьд иргэний даатгалын тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө хууль санаачлан өргөн барина. Шинэ нялхас төрөхөд монгол хүн төрлөө гэж бэлгэшээдэг, Монголд нэг иргэн нэмэгдлээ гэж бид бас л ерөөж байдаг.

Бид тэр хүн Монголд ирсэн тэр иргэнийг хамгаалахын тухайд, хүлээн зөвшөөрөхийн тухайд, үнэлэхийн тухайд мартсан. Тэгвэл болъё. Одоо хүлээн зөвшөөрье. Хүнээс илүү үнэ цэнэтэй онгоц машин гэж байж болохгүй. Тэр бүгд хүнээс үнэ цэнийн хувьд дэндүү доогуур. Тэгэхээр хүнээ эхлээд үнэлж суръя.

  •    Урлагийн салбарт:

Урлаг гэдэг өөрөө маш том салбар. Урлагийг ганц дуу бүжгээр үнэлж харж болохгүй ээ. Бид хятад хувцас өмсөөд, орос үсгээр бичсэн Монголын газар шороон дээр хөлбөрч яваа хэн нэгэн болж хувирчээ. Бидэнд монгол зүйл маань хэд байна. Өөрсдөөсөө эргээд нэг хайцгаая! Та монгол уртын дуугаа санаж байна уу? Монгол сайхан уран налархай бүжгээ санаж байна уу? Монголын уран гоё ерөөл магтаалаа санаж байна уу? Монгол сайхан хөгжимт зэмсгээ хүсэж байна уу? Бид ертөнцөд, дэлхийд юугаараа танигдах вэ? Тэгвэл бид язгуур урлагаараа дэлхийд ноёлж чадна.

Яагаад бид үүнийгээ хөгжүүлэхгүй байгаа юм бэ?

Тэгэхээр төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн монгол язгуур урлагийг хөгжүүлэх, таниулах тал дээр санал санаачилгатай ажиллана. Монголын язгуур урлагийг Монголын эртний үнэ цэнэтэй зүйл хэмээн үндсэн хуулиар хамгаалах тухайд хуулийн заалт оруулах. Омогшсон, хийсэн, бахархсан, дамжиж өвлөгдөн ирсэн энэ их өв соёлоо үндсэн хуулиараа иргэнийхээ тоонд оруулж хамгаална. Өнөөдөр мөнгөний төлөө бусдыг хуурч нүүрээ гуадсан дуучин бидэнд хэрэггүй ээ. Биднийг харин жинхэнэ өвөг дээдсийн минь тэр сайхан мандан бадарч байсан үе дор аваачиж чаддаг, сэтгэхүй сэрлийг минь өдөөж чаддаг тэр урлагийн тавцанг бэлдэнэ. Урлаг гэдэг өөрөө бүхий л зүйл. Тэгвэл хувцаслалт хүртэл үүнд яригдана.

Бид өнөөдөр гадаадынхныг л дуурайгаад байдаг. Бид сармагчнаас ялгагдах юм байхгүй болжээ. Бид бусдыг дуурайсан болохоос өөртөө байгаа агуу нандин чанараа олж харж чадаагүй. Монголчууд бидний хамгийн түрүүнд омогшиж бахархах шинж чанар юу вэ гэвэл бидний өвөг дээдсийн өвлүүлэн үлдээсэн өв их соёл хувцас юм. Өршөөгөөрэй та яг одоо энэ бүгдийг уншиж байгаа бол өөрийнхөө хувцсыг нэг харцгаая. Та биедээ эвтэйхэн нэг бэлтгэлийн өмд өмсөв үү? Та цээжинд тань сайхан байна гэж нимгэн даавуу цамц өмсөв үү? Та толгой чинь халлаа гээд сийрсэн сэгсгэр том малгай тавив уу? Та хөл чинь даарлаа гэж хөлдөө хэний гутлыг углав? Энэ бүхнийг хэн хийсэн, хэний соёлыг бид өмсөж зүүгээд сууж байгаагаа нэг бодож тунгаах цаг бидэнд иржээ.

Урлаг бол урлах, сэтгэх, хийх, бүтээх, гэсэн дөрвөн амин шинж чанараас бүтдэг. Урлагийн салшгүй нэг хэсэг бол бидний өв их соёл хувцас юм. Бидэнд Монгол Монгол гэж хашгирдаг хий хоосон омгорхол байдаг мөртлөө Монгол соёлынхоо талаар нэгээхэн ч зүйлийг сэтгэж мэрийж бахархаж хийж бүтээхийг боддоггүйн харамсалтай. Бид бас хөдөө гадаа хотынх гэж ялгадаг.

Намайг чиг л хөдөөний дуучин гэдэг. Гэхдээ би хөдөөний дуучин гэхээсээ илүү Монголын дуучин юм шүү. Би хөдөөний хувцас өмсөөгүй, Монгол хувцсаа өмссөн юм шүү. Энэ дэлхий дээр байгаа бүхий л юмс амьдрал бүгд урлаг юм. Бидний өвөг дээдсийн урлаж ирсэн нь даанч хосгүй агуу. Бид ч гэсэн тэдний үр сад гэдгээрээ урлаг юм. Монгол маань цааш ямар байх вэ? Гэдэг зөвхөн бид бүхнээс л хамаарна.

  •  Уламжлалт үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ.

Гадны соёлыг Монгол улсад үйлдвэрлэж байгаа хэн нэгнийг дэмжихгүй.

Үндэсний үйлдвэрлэл гэдэг маань өв их соёлоос маань эхэлдэг ба өвөг дээдсийн маань хэрэглэж заншиж ирсэн тэдгээр дэг жаягтай салшгүй холбогдолтой.

Гэтэл өнөөдөр үндэсний үйлдвэрлэл нэрийн дор ус савлаж зардаг, үүнийгээ дэмжүүлэх гэж хүсдэг. Энэ бол буруу тогтолцоо юм. Үндэсний үйлдвэрлэл гэж Монгол гэрээ жинхэнэ ёсоор нь хийдэг, эсгий гутлаа тахир дутуу ч гэсэн мухар гараараа хийгээд сууж байгаа. Нүд нь сохор ч гэсэн тэмтрээд л Монгол дээл хувцсаа оёж, шидэж суугаа тэдгээр хүмүүсийн үйл ажлыг хэлнэ. Дор бүрнээ бүтээж хийж суугаа тэд бол жинхэнэ үндэсний үйлдвэрлэгчид юм. Тийм учраас Монгол их өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их хүсэл санаачилгатай хэн хүн бүртэй нэгдэн ажиллана. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гэдэг бол зүгээр л жорлонгийн цаас үйлдвэрлэчихээд намайг дэмж гэдэг дуу хоолой биш ээ!

Монголчуудын үндсэн буюу Монгол Улсаас хараат байсан зан заншлыг түгээн дэлгэрүүлэх маань л үндэсний үйлдвэрлэл юм. Заавал үйлдвэрлэлийн чиглэлд биш. Хүн ч гэсэн зөв үг гаргаж байна гэдэг бол өөрөө үндэсний үйлдвэрлэл юм. Монгол хэл бичиг, соёл, монгол ухааныг түгээж зан заншлаа сэргээж, монгол дуу хоолойг сонсож, үндэсний урлагаа таниулж байгаа бүхэн хүртэл. Монгол үндэсний хөрөнгө оруулалт юм. Энэ бүгдтэй нэгэн зүгт нягт хамтран ажиллана.