Шинээр нэмэгдсэн
Шинэчлэгдсэн: 5 цагийн өмнө

Google-ийн хамгийн эелдэг хайлт

“Google”-ээс хэрэгтэй мэдээллээ хайна гэдэг бидний амьдралын салшгүй хэсэг болж, бараг хүн бүр энэ хайлтын системийг ашигладаг болсон ч өдийг хүртэл тэд хамгийн эелдэг хэрэглэгчээ хараахан олоогүй л байжээ. Харин “Google”-ийн 86 настай хэрэглэгч Мэй Ашвортын хийсэн хайлтыг ач хүү Бэн нь санамсаргүй олж харснаар хамгийн эелдэг хэрэглэгчийг “олжээ”. Хатагтай Мэй “Google”-ээр  “mcmxcviii эдгээр ром тоонуудыг хөрвүүлээд өгөөч, баярлалаа” гэж хайсныг түүний ач хүү эмээгийндээ зочлох үедээ харж элгээ хөштөл инээн, Twitter-ээрээ бусадтай хуваалцжээ. Эмээгийн эелдэг гэгч хайлтын хүсэлт олон хүний хайрыг татаж, өнөө үед үгүйлэгдэж буй эерэг найрсаг зан чанарын тухай яриаг ч хөндөж, ач хүүгийнх нь жиргээнд  9000 хүн сэтгэгдэл үлдээжээ.

Мэй Ашворт эмээ телевизийн цуврал кино үзэх дуртай бөгөөд одоо хүртэл киноны танилцуулгад он сар өдрийг нь  ром тоогоор бичдэг нь түүний хувьд нэг бэрхшээл болдог аж. Дуртай киногоо хэзээ хийснийг нь мэдэх санаатай ром тооны учрыг олох гэж ийм хайлт хийсэн гэдгээ тэрээр ач хүүдээ өгүүлжээ. Ингэхдээ яагаад ийм найрсаг үгс хэрэглэснийг ач хүү нь гайхахад эмээ нь түүнийг бүр ч ихээр инээлгэжээ. Тэрээр “Google”-ийн хайлтыг автомат гэж огт бодоогүй бөгөөд энэ компанид ажилладаг мэргэжилтнүүд асуултыг нь уншсаны дараа хариуг нь өгдөг гэж боджээ. Хэрвээ эелдгээр асуултаа тавибал хариу нь хурдан ирж магадгүй гэж бодсон гэнэ.

Хөгжилтэй нь, түүний хайлтад жинхэнээсээ “Google” компанийнхан өөрсдөө хариу өгчээ. Британийн Google-ээс ач хүүгийнх нь Твиттер хуудаст хандан “Хүндэн Бений эмээ, таныг сайн байгаа гэж найдаж байна. Тэрбум хайлтын үгээс таны хайлт л биднийг инээлгэлээ. Нээрээ, таны асуултын хариулт  1998 шүү” гэжээ. Бэнийг тус постыг нийтлэсний дараа маш их сэтгэгдэл ирж, бүр Америкаас шоунд хүртэл оролцохыг урьсан аж.

Эх сурвалж: BBC