11.8 тэрбумыг салхинд хийсгэх сайд нарын төлөвлөгөө-
Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхээсээ л мордохын хазгай гэгч болж явсан залуу сайд Ч.Номинг цахим орчинд дэмжигчид нэлээд бий. Хэрхэн, яаж туг далбаанаасаа адис хүртэхээ ч мэдэхгүй жулдрай сайдыг нийгмийн багахан хэсэг нь тохуурхаж байсан ч дийлэнх нь “Залуу хүний замыг засъя. Хүн бүр сайд болж төрдөггүй. Алхаа гишгээ нь цэгцэрнэ дээ” хэмээн өмөөрч, ер хир халдаагаагүй. Гэтэл хайраар тоссон олны сэтгэлийг царцаах гэсэн мэт асуулт илгээсэн сэтгүүлчийн өөдөөс “Сайдын ажлаа аваад удаагүй байна. Тиймээс элдэв юм надаас битгий асуу. Зургаан сарын дараа асуултад чинь хариулъя” гэх бардамнал ихэрхэл, хийрхлээр ам руу нь “алгадаж” байлаа. Олонх энэ үгийг нь сонссон ч сонсоогүй мэт дахиад л уучилж, “Аргагүй шүү дээ. Ёстой үнэнээ хэллээ. Салбар нь одоохондоо Номин бүсгүйд аргагүй томдоно. Телевизийн эфир удирдах, Монголын соёлын салбарыг толгойлох хоёр чинь тэнгэр газар шиг зөрүүтэй байлгүй яах вэ” гэсгээд л өнгөрүүлсэн. Гэтэл мань сайд ард түмнийг мунхаг гэж бодов уу, молги үмхүүлээд, маллаад байж болохоор юм байна гэж сэтгэв үү, алдаа, завхрал гээчийг үзэглээд эхэллээ.
Энэ парламентын бэлтэй айлын зүстэй охид гэгдээд буй Ч.Номин, А.Ариунзаяа нарын гараар орж, ухаанаар шүүгдээд бэлэн болж буй “Ажиллах хүчний сургалт” гээч төсвийн мөнгийг илт шамшигдуулж, салхинд хийсгэх төлөвлөгөө цаасан дээр бууж, ирэх сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарын хамтарсан энэхүү “уран бүтээл”-ийг БШУЯ, ХНХЯ, БХЯ, Соёлын яам, ЗГХЭГ-аас дэглэн найруулж буй юм.
Ингэхдээ 18-35 насны залуусыг хөдөлмөрт бэлтгэх нэрийн дор нэг сарын вакум сургалтад хамруулж, давхар нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох уг хөтөлбөр яагаад мунхаг санаа болохыг хамтдаа бодоё. Нэгдүгээрт, манай сайд нар залуусыг НДШ төлөх яагаад хэрэгтэйг ч мэдэхгүй харанхуй, бүдүүлэг гэж боджээ. Хоёрдугаарт, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит шоунд 5000 залууг татан оролцуулах мэргэн санаа боджээ. Ингэхдээ залуусын сайн сайхны төлөө бус 11.8 тэрбум төгрөгийг хэрхэн үргүй зарж болдгийг харуулах гэж байна. Гэтэл залуусын тэтгэлэгт 5 тэрбум нь зарцуулагдах бол үлдсэн 6.8 тэрбум нь байр, хоол, сургуулийн үйл ажиллагааны зардал, багш нарын цалин хангамжид шингэнэ.
Гэтэл энэ бүх зардал дээр Ч.Номин сайд нэгэн ойлгомжгүй төсөв дахин нэмсэн нь дээрх сургалтад суух 5000 залуу Соёлын яамнаас олгож буй хувцсаар жигдрэх юм. Энэ чинь ёстой л өнөөх Ж.Батзандангийн хэлснээр Ч.Номин сайдын энтертайнмэнт юм биш үү.
Соёлын яам дэргэдээ оёдлын үйлдвэртэй болсон юм уу. Эсвэл хамаарал бүхий этгээдийнхээ хувцасны үйлдвэрийг дэмжих хатан ухаан сийлэв үү. Юутай ч хувцсаар нь залуусыг жигдрүүлж байгаад нэг сая төгрөг тараах энэ ажиллагаа сонгуулийн маргаашийн Монголын эдийн засгийг туйлдуулна.
Энэ бүхнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч эрх мэдлийг ямар ч аргаар хамаагүй авах ёстой гэсэн тушаал авсан цэрэг шиг улайрч байгаа нь эмгэнэлтэй.