Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын Жүжигчин Н.СУВД: НЭГ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮН МАНАЙ БАРИЛГЫГ БАРЬЖ ӨГНӨ, ЗАРДЛЫГ БАТЛУУЛНА ГЭЭД БАТЛУУЛЖ ӨГСӨН.

Ардын жүжигчин Н.Сувд:

-Сүүлийн үед “Саран ээж” нийгэмлэгийн талаар буруу ташаа санаатай, санаандгүй мэдээлэл их гарах боллоо. Тиймээс зөв мэдээлэл өгөх гэж энэ хурлыг хийж байна. Манай Д.Лхамсүрэн гүйцэтгэх захирал сонсгол хийж, тогтмол сурталчилгаа хийх байртай болох юмсан, “Ээж” музей ажиллуулах санаачилга гарсан. Зүгээр яриад орхилгүй зохиолч Л.Түдэв маань төслийг нь бичээд гавьяат архитектор Д.Чойжилжав зураг гаргасан. Ингээд 2002 онд удирдах зөвлөлийн хурлаар тухайн үед ерөнхийлөгч байсан манай ээжид хотоос газрын асуудлаа шийдээрэй гэсэн даалгавар өгчээ. Улмаар хотын гүйцэтгэх захиргаанд санал тавьж, тэндээс энэ музейн газрыг Жуковын хөшөөний ард олгосон түүхтэй. Энэ барилгыг барихад Д.Чойжилжав гуай тухайн үед Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон Д.Ганхуяг гэж хүний “Бридж” гэдэг компанитай гэрээ байгуулж, тооцоог нь хийсэн.

Ийнхүү барилгын ажил эхэлж, 2006, 2007 онуудад сууриа тавьж байтал Баянзүрх дүүргээс суурьтай нь тулгаад компанид газар олгосон. Улмаар хотын захиргаанаас 13 давхар орон сууц барих албан ёсны зөвшөөрөл өгсөн. Тиймээс ахмадууд маань ажлаа зогсоож, шүүхээр явсан.

Явсаар байгаад 2017 онд шүүхийн сүүлчийн шийдвэр гарч, энэ дөрвөн байгууллага хууль зөрчиж, газар аваагүй байна гэсэн. Тиймээс хоорондоо хамтарч ажиллах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан. Удирдах зөвлөлийн хурлаар өндөр байшингийн ард хоргол шиг хоёр давхар байшин барих утгагүй учир цэвэрлэсэн. Өндөр байшингийнх ард биш харин хамгийн урд нь хоёр давхар “Ээж” музей, эмэгтэйчүүдийн соёлын төв, Алунгоо ээжийн хөшөөг барьж өгье гэж энэ компаниас захидал ирсэн. Захидлыг нь удирдах зөвлөл хэлэлцээд гарын үсэг зурах эрхийг нь Д.Лхамсүрэн захирал бид хоёрт өгсөн. Ингээд бид хоёр гэрээнд гарын үсэг зурсан. Бид өдөр бүр л музей маань яах бол гээд хяналт тавьж байсан. Гэвч цар тахал гарсан. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн ажилтай танилцаж яваад энэ газар дээр ийм өндөр дөрвөн давхар орон сууц барих зохимжгүй байна. Тиймээс хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан ногоон байгууламж байх нь зүйтэй гэдэг чиглэлийн нийслэлд өгсөн. Бид баяртай хүлээн авсан. Учир нь бидний зорилго ийм байсан. Ингээд бид байгууллагатай ярилцсан. Гэвч цаад талаас "Бид энэ төслийг дахиад шинэчилж, өөрчлөх, шинээр барих боломжгүй. Харин гаргасан энэ их зардлаа яах вэ гэж бодож байна. Та нар энийг үргэлжлүүлэх хүмүүстэй гэрээ байгуулвал бидэнд татгалзах зүйл алга. Гол нь гаргасан зардал" гэж хэлсэн.

Хүн хайсан. Нэг УИХ-ын эмэгтэй гишүүн манай барилгыг барьж өгнө, зардлыг батлуулна гэсэн. Үнэхээр батлуулсан. Манай ажил дээр ирж, баяр хүргэсэн. Гэвч өнөө мөнгө нь алга болчихсон.

Дараа нь “Мөнх сайн санаа” компанийн залуучууд ирж уулзсан. "Энэ айхтар ухсан газрыг буцаад булахад их зардал орно мөн өмнөх компанийн зардлыг өгнө. Гэтэл бидэнд тийм санхүү алга. Гэхдээ хэдүүлээ хамтарч ажиллая" гэсэн. Та нар харсан байх. Баянзүрх дүүрэг битгий хэл хотод машин тавих газар байдаггүй. Харин тэр газрыг граш болгоё гэсэн санал тавьсан. Хоёрдугаарт, залуучуудыг спортоор хичээллэх комплекс, бага насны хүүхэд тоглуулах талбай барьж өгье гэсэн. Ц.Анандбазарын охин компани гэдгийг 2016 онд мэдсэн. Урлагийн танхим, “Саран ээж” музей, ахмадуудад үйлчилгээ үзүүлэх төв, ногоон байгууламж барьж өгье гэсэн. Манай удирдах зөвлөл хотод танилцуулахад болно дэмжинэ гэсэн аман хариу өгсөн. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэдийн 80 гаруй хувийн саналыг авсан гэсэн. Юу нь болохгүй байгааг бид ойлгохгүй байна.

Жуковын арын талбайд анх барилга барихаар зөвшөөрөл авсан компанийн захирал н.Ганболд:

-Саран ээж нийгэмлэгийн музейн суурийг энэ газар дээр тавьсан. Манайх 2006 онд энэ нийгэмлэгийн залгаа газрыг авчихсан байсан. Гэвч санхүүжилт бүрдүүлж чадаагүй нөхцөл байдлаас болж ажил нь зогссон. Саран ээж нийгэмлэгт тусална гэсэн байгууллагууд санхүүжилтээ гаргаж өгөөгүй. Энэ үед манайх газар авсан асуудлаар хотын захиргаанд гомдол гаргасан байдаг. Гомдлын хүрээнд шүүхээс манай газрыг хүчингүй болгож, дараа нь сэргээсэн. Ингээд бид хамтран ажиллахаар тохиролцож, 800 мкв “Ээж” музейг таван метр өндөртэй барилгын хэсэг оруулахаар болж зураг төслөө хийсэн. Тухайн хэсгийн иргэдийн саналыг авч ажлаа эхлүүлсэн түүхтэй. Та бүхний харсан тэр нүхийг ухах гэж 1800 хово машин шороог зөөсөн. Тухайн хэсэг газар ногоон байгууламж ургадаггүй байсныг та бүхэн мэдэх байх. Бид судалгаа хийж, сууриа ухахад таван давхар орон сууцнуудыг барихдаа үлдэгдлийг нь дунд хэсэгт булчихсан байсан нь гарч ирсэн. Ингээд үр шимгүй ногоон байгууламж ургадаггүй байсан юм байна лээ. Бид зөөж гаргасан. Гэвч цар тахлын хорио цээрийн улмаас зогссон. Гадны компани ирэх байсан ч оруулаагүй. Энэ хавар ажлаа эхлүүлэх гэж байсан боловч сонгуулийн улстөрөөс болж Засгийн газрын шийдвэр гарсан. Бид дөрвөн ширхэг өндөр 16 давхар цамхаг барихаа больсон. Үүнтэй холбогдуулан газарт оруулсан зардлыг асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн. Эцэст “Мөнх сайн санаа” компани гарч ирж, бүтээн байгуулалт хийе гэсэн. Бид зөвхөн кино театрын хэсгийн тоног төхөөрөмжид тусална гэсэн. Бусдыг нь тэр компани, “Саран ээж” нийгэмлэг даана хариуцна гэж ойлгосон.

Эх сурвалж: news.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан