Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхийн алдар I, II одонг 10мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 16 хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. 

Энэ үеэр тавдугаар сарын 13-нд Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн барьсан "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Одоогийн хуульд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн эхэд “Эхийн алдар I, II” одон олгодог. Ингэхдээ "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” гэж заасан.

Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Гэвч бага хүүхэд нь нэг нас хүрэхэд аль нэг хүүхэд нь нас барсан байвал “Эхийн алдар” одон олгох шаардлагыг хангахгүй гэж үздэг.

Тиймээс иргэдээс ирсэн саналыг үндэслэн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгана” хэмээн заажээ. 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар II зэргийн одон нөхөж авах 8,463, I зэргийн одон нөхөж авах 1,932 ээж байгаа аж. Эхийн алдар одон нөхөж авах ээжүүд дараа жилээс хүсэлтээ өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан