Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Макс” эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтын үеэр гар сарвууны бичил мэс засал, мэдрэлийн мэс засал, тэр дундаа хүүхдийн гэмтэл согогийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, ирэх арваннэгдүгээр сард БНЭУ-ын эмч нартай хамтарсан нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог ГССҮТ-д зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг тус улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулах, хамтарсан мэс засал эмчилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, улмаар робот мэс заслын шинэ технологийг тусламж үйлчилгээнд анхлан нэвтрүүлэх чиглэлээр хэлэлцэж, үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.