УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд ямар өөрчлөлт орж байгаа талаар гишүүдийн асуулт хариултыг хүргэе. УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг боловсруулж ирсэн Засгийн газар, Сангийн яам хуулийн танилцуулга, хуулийн нарийвчилсан зохицуулалтыг ижил түвшинд байгаа эсэхэд хянуур хандах хэрэгтэй. Гаалийн албан татварын тухай хуульд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор гаалийн албан татвараас чөлөөлж байгаа. Мөн дотоод үйлдвэрээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж байна. Боловсруулах үйлдвэрийн үндсэнБоловсруулах үйлдвэрийг хэрхэн харж байгаа вэ. Ямар түвшний боловсруулах үйлдвэр дээрх чөлөөлөлтөд хамаарах уу. Барилгын материал мөн адил гаалийн албан татвараас чөлөөлөгдөх үү? Сангийн сайд Б.Жавхлан: Энэ удаагийн төсвийн тухай хуульд аж ахуйн нэгжийн албан татвар, гаалийн албан татвар гэсэн хоёр хууль дагаж орж ирсэн. Аж ахуйн нэгжийн албан татвар нь бүсчилсэн хөгжлийн суурь үзэл баримтлалд суурилсан бүс бүсээр ялгаатай татварын бодлого суурилсан. Мөн бүс бүсээр хөгжихийг дэмжсэн ялгаатай татварын бодлогын суурийг оруулж ирсэн. Гаалийн албан татвар нь үүнээс ялгаатай. Газар зүйн байрлалын хувьд бүсчилж хязгаарлагдахгүйгээр улс орон даяар гаалийн албан татварын бодлого үйлчилнэ. Бид халамжаас хөдөлмөр рүү, импортлогчоос экспортлогч руу, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн рүү гэж 30 жил ярьж байна. Баялаг бүтээгч, үйлдвэрлэгч нар худалдаа аж үйлдвэрийн танхимд 30 жил татварын зохицуулалтыг хүлээж байгаа. Боловсруулах шатны, эсвэл ахиулах шатны технологийн тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг салбар, газар зүй, том жижиг үйлдвэр харгалзахгүйгээр бүрэн чөлөөлж байгаа. Энэ нь боловсруулах салбарт хувьсгал хийх, томоохон шинэчлэл хийх зохицуулалт юм. Үндсэн хөрөнгө гэх үг орсон нь хийдэл арилгах гаалийн зохицуулалт юм. Худалдаа, реэкспортын зориулалтаар оруулж ирэх тоног төхөөрөмж, хөрөнгүүдийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй. Импортоор орж ирээд бүтээгдэхүүн гаргахад оролцож буй хөрөнгө үндсэн хөрөнгөд бүртгэгдээд технологийн нэг хэсэг болох ёстой. Үүний чөлөөлдөг зарчмаар явж байгаа. Барилгын материал үүнд хамаарахгүй, өөр зохицуулалтаар явна.