Аравдугаар сарын 9, 10, 11-ний өдөр буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Сэлэнгэ аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 2027 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурван хүнээс “COVID-19” илэрснийг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Тухайлбал, аравдугаар сарын наймны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хүнээс шинэ төрлийн "коронавирус"-ийн халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 318 болсон байна. Нийт батлагдсан тохиолдлуудын 217 нь эрэгтэй, 101 нь эмэгтэй байгаа аж.
Үүнээс гадна хоёр хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эмэгтэй, есдүгээр сарын хоёрны өдөр Сиэтл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 81 настай эмэгтэй эдгэрчээ.
Өнөөдрийн байдлаар батлагдсан 318 тохиолдлоос 310 нь буюу 97.5 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн 310 хүнээс арав нь сувиллын хяналтад, тав нь гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 295 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусаад байгаа ажээ.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа найман хүнээс таван хүний биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Даваа гарагт БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 260 иргэн ирэхээр байна. Аравдугаар сард нийт 11 удаагийн тусгай үүргийн нислэг хийх юм.